/2022.08.09/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцох ажээ.
Тэрээр өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.
Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал ажээ. Түүнийг Монголын талаас Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтсан байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ сарын 4-ний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцон, Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийх юм байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа юм.