/2023.07.25/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 60 хувьтай байгаа юм. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд энэ ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажил 94.6 хувьтай байгаа бол гарааш буулгах ажил 61.3 хувьтай байна. Түүнчлэн “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.
Эх сурвалж: НЗДТГ