УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Боловсролын багц хуулийн шинэчлэлд англи хэлийг Монгол Улсын үндсэн гадаад хэл байна гэх асуудал шүүмжлэл дагуулаад байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд технологийн, худалдааны, бизнесийн англи хэл суралцахыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ англи хэлтэй атлаа монгол хэлгүй хүн бэлдэж болохгүй шүү дээ. Боловсролын ерөнхий хуульдаа биш Ерөнхий боловсролын тухай хуульд үндсэн гадаад хэл бол англи хэл хэмээн заах асуудлыг улс төржүүлж байна. Би бол ингэж томьёолж байгаа. Сургалтын хувьд үндсэн хэл монгол хэл байна. Хоёрдугаарт, гадаад хэл буюу англи хэлийг үндсэн хэл гэж үзэхийг дэмжинэ. Монгол хүүхдүүд дэлхийн нийтийн англи хэлийг сурах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ англиас бусад хэл үзэх эрхийг хориглож болохгүй. Япон, солонгос, орос, хятад, франц, герман үзэж байгаа хүүхдүүдийг хориглож болохгүй. Өөрөөр хэлбэл, “Би франц хэл суръя” гэж байхад хуулиар “Чи заавал англи хэл сур” гэж болохгүй. Саяхан Францын Ерөнхийлөгчийг угтахад франц хэлийг сурч байгаа монгол хүүхдүүд угтан авсан. Тухайлбал тэр хүүхдүүдийг франц хэлээ болиод англи хэл үз гэж болох уу.
Тэгэхээр аль нэг хэлийг сонгож суралцах эрх чөлөөг ардчилсан нийгэмд хааж, боож болохгүй. Харин Боловсролын багц хуулийн шинэчлэлийн нэг зорилго бол монгол хэл, соёлтой, дэлхийд өрсөлдөх чадвартай, англи хэлтэй, мэдлэг боловсролтой иргэн бэлтгэх ёстой. Харин улс төржүүлээд, гадаад, дотоодын шахалт юм шиг геополитик сонирхол оруулаад байгаа нь гайхал төрүүлж байна.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар зөвлөмж гарсан юм бэ?
-УАБЗ-өөс англи хэл болохгүй гэсэн ямар нэгэн зөвлөмж гараагүй гэдгийг хэлье. Ерөөсөө Монгол хэлний тухай хуулиа дагаж мөрдөх ёстой гэсэн. Монгол хэлний тухай хуульд сургалтын үндсэн хэл монгол хэл байна, гадаад хэлийг 3 дугаар ангиас хойш заах тухай заалт бий. Монгол хэл соёлоо хамгаалж, ижилсэл, ондоошлийн өнөөгийн хандлагад нийцүүлэн хэл, соёлоо тусгаар авч явах ёстой юм.