/2023.06.26/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 оны зургаадугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаа.
Энэхүү айлчлал нь 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хийж буй өндөр хэмжээний айлчлалуудын нэг юм.
Ойн хүрээнд Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирсон ба цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөр арга хэмжээнд хамтарч ажиллахаар боллоо.
Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др.Проф. Чулабхорнын Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Уг айлчлалын хүрээнд Тайландын талаас “Хүрээлэн буй орчны хор судлал” сэдвийн дор 4 өдрийн сургалт семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд эрхэмсэг гүнж болон Голланд, Америк, Дани, Тайланд Улсын 8 профессор сургалтыг удирдан явуулж байгаа юм.
Сургалтад Монгол Улсын талаас БОАЖЯ, ГХЯ, ЦУОШГ, 21 аймгийн байгаль орчны шинжилгээний лабораторийн төлөөлөл, НЭМҮТ, Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ХААИС, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг байгууллагын 50 орчим албан хаагчид оролцож байна.
Эр сурвалж: ГХЯ