/2023.06.20/: Аялал жуулчлалын салбар ковид цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан байна.
Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан үзүүлэлттэй байна.
Учир нь аялал жуулчлалын салбарыг зөвхөн зуны 3 сард ажилладаг, тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотоос байдаг ба тэд орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг байна.
Иймд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудад 400 сая төгрөгийн тэтгэлэг зарласан ба элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ орон даяар өрнөж байгаа энэ үед мэргэжил сонголтод аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байгааг онцлов.
Мөн хөдөө орон нутгаас аялал жуулчлалын салбарыг сонгох, орон нутгийн онцлог, брэндинг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын компаниуд зөвхөн зуны гурван сард жуулчин авдаг биш жилийн дөрвөн улиралд авдаг байх, тогтвортой аялал жуулчлал, ажлын байр бий болгох нэн шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэллээ.