/2023.06.08/: Дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance-ийн хөрөнгийг АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссоос царцаахаар ажиллаж байгаа ажээ.
Мягмар гарагт тус байгууллагаас Колумбийн тойргийн шүүхэд яаралтай горимоор гаргасан хүсэлт нь “хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалах” зорилгоор Binance биржийн үйл ажиллагааг шүүхийн тогтоолоор хязгаарлуулах зорилготой юм.
Мөн уг өргөдөлд “Binance бирж нь АНУ-ын хууль тогтоомжуудыг үл тоомсорлосон зөрчлүүдийг хэдэн жилийн турш гаргаж, хууль хяналтын зохицуулалтаас зайлсхийж ирсэн талаар дурдсан бөгөөд тус биржийн хэд хэдэн санхүүгийн гүйлгээ, хэрэглэгчдийн хөрөнгийн хяналт зарцуулалтын байдал нь анхаарал татаж байна” хэмээжээ.
Хэрэв шүүхээс хязгаарлах тогтоол батлагдвал Binance бирж болон түүний гүйцэтгэх захирал Чанпен Жао нар нь 5 хоногийн дотор бүх хэрэглэгчдийн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, хяналт тавих эрхээ Үнэт цаас, биржийн комисс (ҮЦБ)-т хүлээлгэн өгөх юм. Өөрөөр хэлбэл, Жао болон биржийн ажилтнууд хэрэглэгчдийн цахим мөнгөний хэтэвчнээс ямар нэг гүйлгээ хийх буюу бэлэн мөнгөний татан авалт хийх эрхгүй болно гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй, бүх хэрэглэгчдийн хөрөнгийг шинэ нууц үг бүхий шинэ цахим хэтэвч рүү зөөвөрлөж, хэтэвчнүүдийг удирдах шинэ мастер нууц үг үүсгэж, эдгээрийгээ бүгдийг нь ҮЦБ комиссын мэдэлд шилжүүлэх гэсэн шаардлагыг мөн өргөдөлд тусгасан байна.
ҮЦБ комиссын өргөдлийн дагуу шүүхийн шийдвэх гарвал “Binance-тай холбоотой бүх л байгууллагын данснаас энгийн хэрэглэгчид өөрсдийн мөнгө, хөрөнгийг татан авах боломжтой байх ба харин биржийн албан тушаалтнууд болон биржийн хамаарал бүхий этгээдүүдийн мөнгө, хөрөнгөө татан авах эрхийг хязгаарлана” гэж тогтоолын төсөлд заажээ.
Binance-ийн гүйцэтгэх захирал дээрх өргөдөлтэй холбоотой ямар нэг мэдэгдэл хийгээгүй, хариулт өгөөгүй боловч Твиттер дэх “Binance бирж хэр зэрэг төлбөрийн чадвартайг харцгаая” гэсэн агуулгатай жиргээг Retweet хийсэн байна.
Falcon, Rappaport & Berkman хуулийн фирмийн мэргэжилтэн Моиш Пельц “ҮЦБ комисс Binance-ийн хөрөнгийг царцаахаар маш түрэмгий хөдөлж байна. Хэрэв шүүх тэдний өргөдлийн дагуу шийдвэл Binance болон шүүхийн шийдвэрт дурдагдах байгууллагуудын үйл ажиллагаанд маш ноцтой үр дагавар авчирна” гэж дээрх асуудлаар байр сууриа илэрхийлэв.
АНУ-ын ҮЦБ комисс нь даваа гарагт Binance биржийг тус улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдэгдэлд хийснийхээ маргааш ийнхүү шүүхэд хөрөнгө царцаах хүсэлт гаргаад байгаа нь энэ юм. Тус байгууллагын зүгээс өргөдөл гомдол гаргасан үндэслэлдээ “Binance болон түүний захирал Жао нь хөрөнгө оруулагчдын олон тэрбум долларыг эрсдэлд оруулах замаар хөрөнгөжсөн” гэж дурдсаныг мөн онцлохгүй байхын аргагүй. Энэхүү өргөдлийг шүүхэд гаргаснаас хойш ганц өдрийн дотор Binance биржээс аль хэдийн 791 сая ам.долларыг хэрэглэгчид буцаан татаад байна гэж крипто зах зээлийн шинжилгээний Nansen компани тооцоолжээ.
Ташрамд дурдахад, өчигдөр мөн ҮБЦ комиссоос АНУ-д бүртгэлтэй Coinbase бирж нь бүртгэлгүй үнэт цаас арилжиж байна гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж байгаа гэдгээ зарласан юм.
Эх сурвалж: theverge