/2023.06.05/: ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр Украины цэргийн хүчний Донецк муж дахь фронтын шугамд хийсэн “том хэмжээний довтолгоог” таслан зогсоосноо мэдэгдлээ.
Довтолгоонд Украины цэргүүд, танкууд, явган цэргийн байлдааны машинууд болон байлдааны хуягт машинууд оролцсон гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Өмнө нь Украины цэргүүд Донецкийн стратегийн чухал ач холбогдолтой хот болох Сватове руу 400 метр урагшилсан болон зүүн хэсэгт хоёр жижиг ялалт байгуулсан гэж мэдэгдээд байсан юм.
Үүний зэрэгцээ Запорожье мужид Оросын арми Украины дайралтыг няцаасан гэж мэдэгджээ. Украины арми ням гарагийн өдөр тутмын мэдээллээр Запорожжид болсон тулааны талаар дурдаагүй бөгөөд сөрөг довтолгооны төлөвлөгөөний талаар чимээгүй байхыг уриалж байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм:
Белгородын тулалдаан: Украинтай хиллэдэг Оросын баруун мужид дайн хилийн дээс алхаж байгаа тул хүчирхийлэл үргэлжилсээр байна. Белгородын амбан захирагч ням гарагт нийтэлсэн видео бичлэгт Украины командлалын дор Оросын тэрс үзэлтнүүдийн бүлэглэлүүд шахалт үзүүлж байгаа тухай мэдээлсэн байна. Тэрс үзэлтнүүд Оросын цэргүүдийг олзолж, Украины цэрэгт шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Чечений сэрэмжлүүлэг: Чечений удирдагч Рамзан Кадыров ням гарагт Белгород муж руу хил дамнасан халдлагыг зогсоох зорилгоор цэргээ илгээхийг санал болгов. "Белгород муж руу дайрсан алан хядагчидтай Чечений анги нэгтгэлүүд тэмцэж чадна гэдгийг би танд сануулмаар байна" гэж Кадыров Telegram хуудсандаа бичжээ. ОХУ-ын Вагнер группын тэргүүн бямба гарагт Белгород болсон халдлагыг "энэ бүс нутгийг эзлэх гэсэн тодорхой оролдлого" гэж мэдэгдсэний дараа Путины холбоотон Кадыров ийн хэлсэн юм.
Вашингтоны үзэл бодол: Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Украины сөрөг довтолгооны үр дүнд Киев "стратегийн ач холбогдолтой газар нутгийг" эргүүлэн авна гэж үзэж байна гэж мэдэгдэв. Жейк Салливан CNN-д ярихдаа тулалдааны талбарт өрнөж буй үйл явдал цаашдын энх тайвны хэлэлцээнд "их нөлөө үзүүлнэ" гэв.
Үхлийн довтолгоо: Аврагчид өнгөрсөн бямба гарагт Днепропетровск мужийн зүүн өмнөд хэсэгт орших Пидгородне хэмээх голын эрэг дээрх жижиг хотод Оросын дайралтанд өртсөн барилгын нурангиас 2 настай охины цогцсыг гаргаж авлаа гэж Украины армийн албаны хүн мэдэгдэв. Халдлагын улмаас 22 хүн шархадсаны дотор таван хүүхэд байжээ.