Э.Ганзориг: Харсан бүхнээ гэрчилж, баримтжуулна гэдэг зурагчин хүний хувьд хүнд даваа байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Ганзориг: Харсан бүхнээ гэрчилж, баримтжуулна гэдэг зурагчин хүний хувьд хүнд даваа байлаа

/2023.5.25/ Энэ оны хоёрдугаар сард Турк, Сири улсуудад 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Улс орон бүрээс тус улсуудад аврах ангийг илгээсэн бөгөөд тэдний дунд манай улсын аврагчид ч багтсан юм. Аврагчдын багт явсан гэрэл зурагчин Э.Ганзоригийн дурсамжийг хүргэж байна.

Э.Ганзориг:

Гэрэл зурагчин Э.Ганзориг

“Газар хөдлөлт гэхээр толгой дээрээ дэвтэр номоо барин сургуулиасаа гүйлдэн гарч буй хүүхэд багачууд, зурагт, олон нийтийн сүлжээнээс л олж хардаг нурсан барилга байшингаар төсөөлдөг байв. Гэтэл бодит байдал дээр газар хөдлөлт гэдэг хэчнээн их зовлон шаналал, уй гашуу дагуулдгийг төсөөлөө ч үгүй явжээ. Турк, Сирийн заагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа гамшиг болсон цэгт очсон нь өнгөц төсөөллийг минь тэр аяар өөрчилсөн юм.

Туркээс эргэж ирээд хэсэгтээ л өндөр байшинд орохоос айж, эвгүйцдэг болсон байв. Сүүлийн үеийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 57 мянгад хүрсэн бөгөөд Туркт 50,399, Сирид 7,259 хүн. НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцооллоор 1.5 сая гаруй хүн орон гэргүй болжээ. Гэхдээ бодит байдал ямар байсныг тоо харуулж чадахгүй. Тиймээс газар хөдлөлтийн гамшиг амьдрал дээр ямар байдгийг гэрэл зургаар харуулахыг зорилоо.

Ар гэрийнхнээ амьд гэсэн итгэл найдвар тээсэн тэр л харц, нурж сүйдсэн эсвэл буцаж ороход хэтэрхий эрсдэлтэй болсон барилга байшин, хэчнээн их тарчилсныг нь бодохоос гол гогдмоор цогцоснууд. Энэ бол Туркт арав хоног ажиллахдаа өдөр бүр харсан зүйлс. Камераа чиглүүлэх нь битгий хэл эгцэлж харахад ч эвгүйцмээр дүр зураг. Энэ бүхнийг гэрчилж, баримтжуулна гэдэг гэрэл зурагчны хувьд хүнд даваа байв.

Нуранги дороос сонстох хэн нэгний амь гуйсан сулхан дуу хоолойг сонсохын тулд “Чимээгүй” гэх командаар хүн бүхэн хийж буйгаа орхин хөшөө мэт болж, хот тэр чигтээ нам гүмд уусна. Чих тавих тусам цаашлан холдсоор байх шиг санагдах тэр чимээ хаанаас гарч буйг аврагчид сонсох эсэх нь нурангид дарагдсан хүний амь насыг дэнслэх шүүгч гэлтэй. Ийм командаар бид олон хүн аварсан бас алдсан. “Амьд хүн оллоо” хэмээн баярлаж, аль байдгаараа шуурхай ажиллалаа ч “амьгүй” байх тохиолдол цөөнгүй. Амьд үлдэхийн төлөө хумсаа унатал хана маажсан хүний ханан дээрх цусны толбо хатаж амжаагүй байхад амьсгал хураасан сэтгэл өвтгөм, харамсалтай дүр зурагтай таарсан.

Нуранги дороос хүн олоод баярласан, эсвэл амжиж аварч чадалгүй алдсан хором мөчүүд, мэдрэмжүүд камерт минь, сэтгэлд минь ч тод томруун үлджээ. Туркийн газар хөдлөлт шиг гамшиг бидэнд ч тохиож болох байсан, тохиохыг ч үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө ямар өчүүхэн, сул дорой болохыг Туркт болсон энэ явдлаас харж болмоор.

Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүний хувьд гамшгийн бүсэд юу болсон, болж байгааг үнэн бодитоор, элдэв хачиргүй харуулна гэх бодол тээсээр очсон нь хамгийн том алдаа бас сургамж байв. Газар хөдлөлт болсон газар очиж байгаа хүн аврах ажиллагаа хэрхэн явагддагийг мэддэг байх хэрэгтэйг Туркт өнгөрүүлсэн өдрүүдээс ойлгосон. Орон гэр, эд хөрөнгө хамгийн гол нь хайртай хүмүүсээ алдсан хэн нэгний зовж шаналсан нүд рүү камераа чиглүүлэх бүрд ажил мэргэжил минь надаас “харгис хатуу” байхыг шаардаж байх шиг санагдав. Гэвч энэ бол миний сонгосон мэргэжил. Энэ бүхэн болоод өнгөрнө, тоо л үлдэнэ. Харин бодит байдал ямар байсныг хэн ч мэдэхгүй өнгөрвөл дэндүү харамсалтай. Гэрэл зурагчин Ц.Батзориг агсны хэлснээр “Бид үлдээх юмтай улс” билээ.

https://nema.gov.mn/n/143946

ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ‼️ #бэлэн_бай

Мэдээлэл авах вебсайт: https://belenbai.mn/

Онцгой байдлын ерөнхий газар | Oyu Tolgoi

ШҮҮМЖ: “Этгээд” Монголын уран сайхны кинонд хүний эрхийн  асуудлыг хөндсөн нь
ШҮҮМЖ: “Этгээд” Монголын уран сайхны кинонд хүний эрхийн асуудлыг хөндсөн нь
 
Энэ долоо хоногт УИХ чуулганаар хэлэлцэх асуудал
Энэ долоо хоногт УИХ чуулганаар хэлэлцэх асуудал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.