/2023.5.25/ Энэхүү шүүмжийг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, “Bee teathre”-ын хамтран хэрэгжүүлж буй “Орчин цагийн монгол кино ба хүний эрх” төслийн хүрээнд бэлтгэв.
Бидний зорилго: Монгол кинонд хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж буйг тодорхойлох, кино уран бүтээлчдийн хүний эрхийн мэдрэмж, эрхэд суурилсан хандлагыг дээшлүүлэх, түүгээр дамжуулан үзэгчдэд хүний эрхийн зөв хандлага төлөвшүүлэхэд оршино.
Төслийн хүрээнд 2020-2022 онд бүтээгдсэн, үйл явдал нь орчин цагт өрнөж буйгаар дүрслэгдсэн, театрын дэлгэцнээ гарч, үзэгчийн тоогоороо тэргүүлсэн 10 киног сонгон авч тус кинонуудад хүний эрхийн өнцгөөс нь шүүмж бичихийг зорив. Шүүмжийг бичихэд хүний эрхийн мэргэжилтнүүд, хуульч, сэтгүүлч, киноны уран бүтээлчид, урлагийн шүүмж судлалаар сурч буй оюутан залуусаас бүрдсэн 30 гаруй хүн оролцсон болно.
“Этгээд” Монголын уран сайхны кинонд хүний эрхийн
асуудлыг хөндсөн нь
Найруулагч Батсүхийн Баатар 2021онд “Этгээд” уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгожээ. Киноны продюсераар Н.Энхмандах, ерөнхий зураачаар Г.Алтаншагай нар ажилласан байна.
О.Эрдэнэ, Б.Баатар, Г.Бямбасүрэн нарын хамтран зохиолыг нь бичиж, Баатарын баг (Теаm Hero)кино студи бүтээсэн уг кино Германы Олденбург кино наадмаас “Өвөрмөц, зоримог, шийдэл” шагнал, Улаанбаатар кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртжээ. Мөн АНУ-ын South by South West (SXSW) 35 дахь удаагийн кино наадамд сонгогдон Midnighters буюу “Шөнө”-ийн хэсэгт шалгаран өрсөлдсөн. Мөн АНУ-ын “Overlook” кино наадам, Белги улсын “Брусел” (BIFF) 41 дэх удаагийн олон улсын фантастик кино наадам, Бразил улсын “Fantaspoa” 19 дахь удаагийн кино наадам, Москвагийн 45 дахь удаагийн олон улсын кино наадмуудад тус тус сонгогдсон юм.
Аймшгийн (Horror ) Триллер (Thriller) Нууцлаг (Mystery) төрөл зүйлээр бүтээсэн “Этгээд” киноны үйл явдал Эрхэмээ /жүжигчин Г.Эрхэмбаяр/, Сэлэнгэ /жүжигчин Ч.Сэлэнгэ/ нар хотоос зайдуу, ой модон дундах хуучны нэгэн байшинд нүүн ирснээр эхэлнэ.
Зураач эхнэртээ орон зай бий болгож, амар тайван байдлыг нь бодож энд ирсэн гэх Эрхэмээгийн байгаа байдал, үйлдэл нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Өдөр тутамд бий болох шинэ, ЭТГЭЭД нөхцөл байдлуудын учир шалтгаан нь чухам юу байв? Бүхнийг анхнаас нь зураглаж суусан ЭТГЭЭД нь хэн байв?
“Этгээд” уран сайхны кино нь найруулга зүйн хувьд мэргэжлийн өндөр түвшинд туурвисан, Г.Эрхэмбаяр,Ч.Сэлэнгэ, Н.Ялалт нарын бүтээсэн гол дүрүүд нь нууцлаг мөртөө үйл явдал өрнөхийн хэрээр тэдний дотоод сэтгэлийн ертөнц дэх тээш нь, үзэгчдийн сэтгэл санааг догдлуулан, дараагийн үйлдүүдийг тэсэн ядан хүлээх үр нөлөөнд хөтөлж чадсанд тоглолтын онцлог нь оршиж, дүрүүдийн хөгжил хувиралтууд нь тэдний өндөр ур чадварыг илтгэж байна.
Энэхүү кинонд Б.Бадамцэцэг, Б.Баярсанаа нарын бүтээсэн , найз Бадмаа, Санаа гэх туслахдүрүүдийнтоглолт нь кино зохиолын эргэлт, шилжилт, тайлал хэсэгт үүргээ гүйцэтгэж, гол учиг зангилаа тайлагдах мөчийг дэвжээж буй нь бүтээлийг улам сонирхолтой болгожээ.
Киног дүрс буюу дэлгэцийн урлаг гэдэг. Уран сайхны илэрхийллийн хувьд гэвэл, киноны зураг авалт, эвлүүлгийн шийдлүүд үзэгчдэд сонирхолтой “этгээд” болж чадсан байна. Киноны хөгжим, дуу чимээний илэрхийлэл нь аймшгийн төрөл зүйлдээ зохицсон, байнгын түгшүүр нь үзэгчдийн сэтгэл хөдлөлд нөлөөлөхүйц болжээ. Гэрэлтүүлэг ч мөн өвөрмөц шийдэлтэй. Ялангуяа шөнийн зураг авалтын гэрэлтүүлэг, мөн байрны дотор, шатны дээд доод хэсгийн зураг авалт нь төрөл зүйлдээ тохирсон байв.
Найруулагч эвлүүлгээ бодохдоо ART стиль оруулж ирснээрээ уур амьсгалыг зөөлрүүлж чаджээ. Зохиолын мөн чанарыг үзэгчдэд ойлгуулахын тулд метафор болон камерын хэл буюу зураач, нүүр будалт, зураглаачийн ажиллагаанд илүү анхаарч ажилласан нь ч анзаарагдав.
Кинон дахь үхсэн амьтан, зурсан зураг, нүүр будалт зэрэг жижиг хэрэглэлд онцгой ач холбогдол өгч ажилласан нь сайшаалтай. Байшингийн дээвэр, цонх нь цагаан цастай байснаа, буцаад харахад цагаан нь улаанаар солигдсон, гол дүрийн эмэгтэй ойд ганцаараа зогсож байгаа найруулагчийн монтажны шийдэл өвөрмөц болж чаджээ.
Хүний эрхийг тусгасан нь
“Этгээд” уран сайхны киноны сэдэв агуулга, хам сэдвийг харсан ч уг бүтээл хүний эрхийн асуудлыг хөндсөн гэж болно. Кинонд “Долоон хожгор нэг можгор” үлгэрийн метафор санаагаар хүмүүс өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж амь насанд нь аюул учирч байгааг өгүүлжээ.
Уг кинонд орчин цагийн боолчлолын хэлбэр болох хүн худалдаалах гэмт хэргийг өвөрмөц байдлаар харуулснаараа хүний эрхийн тухай сэрэмжлүүлэх үүргээ гүйцэтгэж чадсан байна.
Эхэндээ сайн хөрш мэт мэдрэмж төрүүлэх нэгэн “этгээд” (Н.Ялалт) гэнэн “этгээд” (Г.Эрхэмбаяр, Ч.Сэлэнгэ)-үүдийг урхидан аминд нь хүрч, хүний эрхтэн наймаалагч эмч “этгээд” (Ж.Оюундарь)-д зуучилна.
Зуслангийн алс байранд шинээр нүүн ирж буй гэр бүлийн уур амьсгал эхнээсээ сэжигтэй санагдан, нөхрийнхөө дарамтад шаналж үзэгдэх эмэгтэйг өрөвдөнө. Сайн хөрш ч гэр бүлийн хүчирхийллийн золиос мэт харагдах эмэгтэйд туслахаар итгэлийн утсаар залгахад цагдаа нар ирнэ. Ийнхүү уг кинонд гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй тохиолдолд хөршүүд цагдаа дуудах үүрэгтэй болохыг мэдүүлснээрээ чухал ач холбогдолтой болжээ.
Уг киногоор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зөрчлийг харуулахын зэрэгцээ хүмүүсийн гэнэн итгэмтгий, туршлагагүй занг ашиглан гэмт этгээдүүд өгөөш болгон ашиглаж байгааг урнаар харуулсан байна.
Өөрсдөдөө тулгарч буй асуудлыг шийдэхдээ шүүмжлэлт сэтгэлгээгээр хандахын оронд гэмт этгээдүүдийн арга зальд автагдаж, гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй болохыг уг кинонд өгүүлснээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдлийг олон нийтэд төрүүлэхүйц болжээ.
Жүжигчин Н.Ялалтын бүтээсэн хөршийн мөнгө олж буй арга, зорилгыг харуулснаараа уг кино амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл тээсэн “этгээд”-үүд хэрхэн гэмт этгээдүүдийн гар хөл болж, өөрсдөө ч хохирогч болох эрсдэл дагуулдаг тухай давхар өгүүлж, сэрэмжлүүлсэн байна.
Уг бүтээлийг хүний эрхийн өнцгөөс харснаа эцэслэн дүгнэхэд, үзэгч бүр киноны үйл явдалд татагдан сэтгэлдээ түгшин эмзэглэх зуураа байдлыг тунгаан эргэцүүлэх, орон зай, оршихуйн үнэ цэнийг ойлгох, аливаа зүйлд сэрэмжтэй байж, шийдвэр гаргахдаа нухацтай хандахыг сануулсан, ухамсарлуулсан жинтэй кино болжээ.
Шүүмжийг эмхэтгэн бичсэн: Глоб Интернэшнл төв