Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллана

/2023.05.17/: БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв, Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.

Бүгдэд ээлтэй Замын хөдөлгөөний удирдлагын систем

Сөүлд хүн ам нь өсөн нэмэгдэж, хотжилт тэлж эхэлсэн үед тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү системийг 1997 оноос ашиглаж эхэлжээ.

2004 онд Сөүл хотын нийтийн тээврийн системийг шинэчилснээр нийтийн тээврийн дэвшилтэт системийн төлөвлөлт, барилга байгууламж, үйл ажиллагааг хариуцдаг Сөүлийн Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв ажиллаж эхэлсэн юм. Тодруулбал, хориотой газар зогсох, нийтийн тээвэрт зориулсан эгнээгээр зорчих зэрэг зөрчлийг автомат хяналтын системээр хянах болж, гар ажиллагааг халсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор аль чиглэлийн автобус хаана яваа, хэзээ ирэхийг харуулах мэдээллийн системийг нэвтрүүлсэн аж.

Замын хөдөлгөөний удирдлагын систем нь хотын хурдны зам, төв зам, гэрлэн дохионы удирдлага зохицуулалт, автомат хяналт, автобусны мэдээлэл, замын хөдөлгөөний мэдээлэл, ногоон тээврийн хэрэгсэл бүхий бүсийн зохицуулалтын систем, жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилт зэрэг олон дэд платформоос бүрддэг. Түүнчлэн цаг агаар, гэнэтийн үйл явдал, осол аваар, хөдөлгөөний эрчмийн талаарх мэдээ мэдээллийг ч авах боломжтой. Мөн таксины байршил, мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, хөдөлгөөнд зарцуулж буй дундаж хугацааг тооцоолж болно. Эдгээр мэдээллийг иргэд веб хуудас, гар утасны аппликейшн, зурвас, замын хөдөлгөөний шууд дамжуулалт, гар утасны чиглэл заагч үйлчилгээ, цахим сүлжээнээс авч болно.

Сөүл хотын захиргаанаас түгжрэлийг бууруулах зорилгоор зөвхөн байгальд ээлтэй буюу ногоон тээврийн хэрэгслээр зорчих бүсийг бий болгожээ. Тухайн бүсэд дугуй, нийтийн тээвэр болон явганаар зорчих боломжтой бөгөөд хуучин автомашины хөдөлгөөнийг хориглодог.

Улаанбаатар хотын хувьд ч тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шийдэхээр Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлж буй. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart car системийг ашиглаж эхэлсэн юм. Энэ утгаараа Сөүлийн зам тээврийн ухаалаг систем хэрхэн ажиллаж, ямар асуудлуудыг шийдэж байгаатай танилцсаны дүнд эдгээр шийдлийг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтойг Хотын дарга Д.Сумъяабазар онцолж байлаа.

Байгаль орчинд ээлтэй технологийг Засгийн газраас дэмждэг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцлоо.

БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаарч ажилладгийг тус төвийнхөн онцолж байлаа. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь эргээд нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр өгүүллээ.

Тэрбээр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Харин Сөүл хотын хувьд Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” хэмээлээ.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай асуудал. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.