/2023.05.15/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа.
Тухайлбал, 2023 онд суурь цалингийн 222 ялгааг 53 болгосон, төрд ажилласан жил болгоныг тооцон нэмэгдэл олгож байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлсэн. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.
Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна.
Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Сэтгэл гонсойлгох асуудал ч байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа, төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт хамрагдан сая орчим төгрөгийн халамжаар амьдардаг өрхүүд ч байна. Ажил хийхгүй халамж аваад амьдрах байдал давамгайлж байна.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна.
Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Залуусын ирээдүйд итгэх итгэлийг сэргээмээр байна. Ингэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Халамжийг бууруулж, иргэдийн ажил хийх сэдлийг бий болгомоор байна.
Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцлов.
Эх сурвалж: ЗГ