/2021.08.17/ ЧД-ын 9 дүгээр хорооны цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох барилга угсралтын ажлыг маргаашнаас хийж эхлэхээр болжээ.
Уг ажлыг ЧД-ийн ЗДТГ-ын захиалгаар 2019 онд эхлүүлсэн ч дуусгаагүй өнөөдрийг хүрчээ. Дээрх ажлыг “Рутан” ХХК гүйцэтгэж байсан аж.
Харин Хүрд ХК-ийн ашиглалт борлуулалтыг хариуцан ажиллаж буй Дэнжийн 1000-ын УДДТ-ын 2-р хэлхээнд холбогдохоор техникийн нөхцөл олгож ашиглагч байгууллагаас техникийн тодруулга авч, зураг төслийг зөвшилцөлгүйгээр батлуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн хэдий ч 2 жил гацжээ.
Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, холбогдох албаны хүмүүс болон дээрх компаниудын төлөөлөгчид уулзсан байна.
Ингэснээр зураг төсөлд өөрчлөлт оруулан энэ сарын 18-ны өдрөөс ажлыг эхлүүлэхээр болжээ.
Энэхүү ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба