2024 онд Улаанбаатар хот шинэ цэвэрлэх байгууламжтай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд Улаанбаатар хот шинэ цэвэрлэх байгууламжтай болно

Улаанбаатар хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 17.6 га газарт барихаар төлөвлөгдсөн.

Монгол Улсын Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 тоот тогтоол гарч, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох /1.0/ нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой.

Шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020-2023 онд хийж гүйцэтгэнэ. Байгууламжийн туршилт тохируулгын ажлыг 1.6 жил хийж гүйцэтгэхийн хамт тус цэвэрлэх байгууламж дээр ажиллах ажиллагсдын чадавхыг нэмэгдүүлэх, дадлагжуулах ажлыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдах юм.

Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн. Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэж гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэнэ.

Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон. Лагийг мезофил зарчмаар биохий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад Эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм.

Төслийн барилга угсралтын ажлын хөрс хуулалт, суурийн газар шорооны ажлыг 2019 оны намар эхлүүлж, 2020 оны 8 дугаар сард үндсэн байгууламжийн ажлыг эхлүүлсэн. Одоогоор “А” болон “Б” биореакторын барилга угсралтын ажил 40%-тай, хоёрдугаар тунгаагуур, лаг өтгөрүүлэгч, захиргаа болон зам гүүрийн барилгын ажлуудыг эхлүүлээд байна.

Нийт төслийн барилга угсралтын ажлын явц 28%-тай байна. Төслийн талбайд гадаадын 50 ажилчин, монгол талын 450 инженер техникийн ажилчид ажиллаж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр: БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК ба “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын БНбД бусад олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголия” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.

ТЭЗҮ-г: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын Артеллиа энд транспорт компани боловсруулсан.

Төслийн нийт төсөвт өртөг 262.7 сая ам.доллар ба 95% буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ, 5% буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцахаар тус тус заагдсан билээ.

Эх сурвалж: БХБЯ

Дархан, Баян-Өлгий аймагт халдварын тоо их байна
Дархан, Баян-Өлгий аймагт халдварын тоо их байна
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.