/2022.08.01/: Өнөөдрөөс эхлэн Мара Уорвикийг Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирлаар албан ёсоор томилсон болохыг Дэлхийн Банк мэдэгдлээ.
Бээжин хотоос суурин ажиллах Хатагтай Уорвик нь Хятад улстай явуулах шинэ үеийн түншлэлийн харилцаа, Монгол Улсыг дэмжих хөтөлбөрийн тэлэлт, Солонгос улстай хийх инноваци, технологид чиглэсэн эрчимжиж буй мэдлэгийн түншлэлийг удирдан ажиллах багийг ахлах юм.
Хамгийн сүүлд Танзани, Малави, Замби болон Зимбабве улсыг хариуцсан захирлаар ажиллаж байсан хатагтай Уорвик нь Дэлхийн Банканд зүтгэсэн гарамгай түүхтэй нэгэн юм. Тэрээр 2012-2016 онд Хятад, Монгол болон Солонгос улсуудад төсөл хөтөлбөр болон үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж, эдгээр орнуудад арвин их туршлага хуримтлуулсан юм. Хатагтай Уорвик 1994 оноос хойш Хятад улсад хэд хэдэн удаа амьдарсан бөгөөд Бээжин хотод 2006-2010 онд Дэлхийн Банкны хотын байгаль орчны ахлах мэргэжилтнээр ажиллаж байв.
Хатагтай Уорвик мөн 2016-2020 онд Дэлхийн Банкны Бруней, Малайз, Филиппин болон Тайланд улсыг хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь тэрээр Турк улсад тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар ажиллаж байв. Байгаль орчны инженер мэргэжилтэй тэрээр үерийн менежмент, хотын байгаль орчны үйлчилгээ болон гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Дэлхийн Банканд 2003 оноос ажиллаж эхлэхээсээ өмнө хувийн хэвшилд инженерээр ажиллаж байсан хатагтай Уорвик нь Австралийн Аделэйдийн их сургуульд барилгын инженерийн чиглэлээр бакалавр, АНУ-ын Стэнфордын их сургуульд байгаль орчны инженерийн чиглэлээр магистр болон докторын зэрэг тус тус хамгаалсан.
"Би Хятад, Монгол болон Солонгос улсад эргэн ажиллах болсондоо их баяртай байна" гэж хэлээд, “1990-ээд оноос хойш олон жилийн турш энэ бүс нутгийн үсрэнгүй хөгжлийг би өөрийн биеэр харсан. Өнөөгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх, мэдлэгийн солилцоог бэхжүүлэхийн тулд Дэлхийн Банкны нэн чухал түншүүд болох эдгээр гурван оронтой нягт хамтран ажиллах болно” хэмээн хатагтай Уорвик онцлов.
Австралийн иргэн хатагтай Уорвик нь өмнөх захирал Мартин Райзерын халааг авч буй бөгөөд ноён Райзер нь Өмнөд Ази хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон Вашингтон ДС хотруу шилжин ажиллахаар болсон юм.
Сүүлийн дөчин жилийн хугацаанд Хятад улс Дэлхийн Банкнаас санхүүгийн болон техникийн тусламж авдаг байсан улсаас өнөөдөр Дэлхийн Банканд хувь нэмэр оруулдаг улс болон хувьсан өөрчлөгдөөд байна. Тус банкны Хятад дахь зээлийн болон судалгааны хөтөлбөрүүд нь өнөөдөр дэлхийн нийтийн аж байдал, түүнд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн институцийн шинэчлэлд төвлөрч буй бол цаашид мэдлэг, зөвлөх үйлчилгээ илүү чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Зээлийн хөтөлбөрүүдийн хувьд далайн хуванцар хог хаягдал, Хятад улсын хамгийн том гол мөрнүүдийн биологийн олон янз байдал болон усны бохирдлын хяналт, ногоон хөдөө аж ахуй, ногоон санхүүжилт, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэж ирсэн. Түүнчлэн судалгааны хөтөлбөр нь Хятад улсын олон салбарын ногоон шилжилтэд илүүтэй төвлөрч байна.
Сүүлийн гучин жилийн хугацаанд Дэлхийн Банкнаас Монгол Улсад 1.4 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгоод байна. Дэлхийн Банкны Группын Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хүрээ баримт бичигт Дэлхийн Банкны зүгээс КОВИД-19 болон бусад шинэ хямралыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад ажлын байр бий болгох, уур амьсгалд тэсвэрлэх чадварыг сайжруулах замаар илүү тогтвортой, хүртээмжтэй мөн бат бөх сэргэлтийг бий болгохын төлөө ажиллах талаар тусгаж өгсөн.
БНСУ бага орлоготойгоос өндөр орлоготой эдийн засагт шилжиж, инноваци, технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч орон болсон энэ үед Дэлхийн Банк тус улс дахь үйл ажиллагаагаа шинэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилсөн. Дэлхийн Банк нь Солонгос улс дахь өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан хөгжиж буй орнуудад санхүүгийн салбарын менежментийг сайжруулах, ногоон хөгжлийн инновацийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаарх ноу-хауг хуваалцахад туслах зорилгоор Солонгос улс дахь түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, хамтарсан төслүүд хэрэгжүүлж байна.