Г.Гангамөрөн: СЕО нар олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох чадвартай болвол эдийн засаг сэргэж, тэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Гангамөрөн: СЕО нар олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох чадвартай болвол эдийн засаг сэргэж, тэлнэ

-“Бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр“-ийн АНХНЫ ТӨГСӨЛТ боллоо-

/2022.07.01/ Бизнестээ тулгамдаж буй асуудлаа тухай бүрт нь шийдэж, туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч, танилын хүрээгээ тэлэх хамгийн том боломж бол “1000 СЕО, 1000 ХҮЧИРХЭГ КОМПАНИ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" сургалт юм. Тэгвэл тус сургалтын хамгийн эхний элсэлтийн төгсөлт өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр боллоо.

"Бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" сургалт нь цар тахлын дараа зохион байгуулагдаж буй гэдгээрээ ихээхэн онцлогтой. “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөний хэлснээр Цар тахлын дараагаар дэлхийн бусад улс орнууд ч тэр манай улсын хувьд ч ялгаагүй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа аж. Тиймээс энэ чиглэлийн маш олон төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагдаж байна гэсэн юм.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн

Мөн тэрээр:

-1000 СЕО-ийн ард багадаа 100 мянган ажлын байр бий болох боломжтой. СЕО нар маань олон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох чадвартай болчихвол энэ хэрээр эдийн засаг сэргэж, тэлнэ гэсэн үг. Тус хөтөлбөрийн хамгийн гол давуу тал нь зөвхөн онол заах биш, СЕО нарт тулгамдаж буй бодит асуудалтай нь тулж ажилладаг гэлээ.

Уг хөтөлбөр нэг сарын турш танхим болон цахим хэлбэрээр явагдсан бөгөөд хөтөлбөрийн эхний элсэлтэд 12 жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч хамрагдсан байна.

“Чимэг Аймаг” компанийн захирал н.Батчимэг

Тэдний нэг болох Дархан-Уул аймгаас оролцсон “Чимэг Аймаг” компанийн захирал н.Батчимэгтэй ярилцлаа. Тэрээр гоо сайхны үйлчилгээний салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа нэгэн аж. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын улмаас түүний бизнес нэлээд хүнд байдалд оржээ. Тиймээс бизнесээ илүү тэлэх, шинэ түвшинд аваачих гарц гаргалгаа хайж байсан аж. Харин яг тухайн үед дээрх хөтөлбөрийг монголд албан ёсоор хэрэгжүүлэхээр болсонд ихээхэн баярласан хэмээн ярьсан юм.

Мөн тэрээр сургалтын ач холбогдлын талаар ярихдаа:

-Сургагч багш нар маань бүгд монголын нэр бүхий бизнес эрхлэгчдийн төлөөлөл байсан учир тэднээс суралцана гэдэг маш том аз завшаан байлаа. 5 долоо хоногийн хөтөлбөр гэдэг бизнесийн хувьд маш богинохон хугацаа. Гэхдээ хөтөлбөрийн агуулга маш өгөөжтэй, өргөн цар хүрээтэй байж чадсан гэдгийг хэлмээр байна. Би өмнө нь зөвхөн гоо сайхны салбарт ажилладаг байсан бол одоо бүр барилгын салбарт хүртэл бизнес эрхлэх боломжтой юм байна гэж харж байгаа. 5 долоо хоногийн хугацаанд бизнесийн талаарх маш үр дүнтэй мэдлэгийг багцалж авлаа. Энэ хөтөлбөр надад асар том боломжийг нээж өгсөн гэж харж байгаа гэсэн юм.

Харин Бизнес академийн зөвлөх Д.Ерөө:

Бизнес академийн зөвлөх Д.Ерөө

-Сургалтад салбар бүрийн төлөөллүүд оролцлоо. СЕО нар ямар аргаар, ямар зарчмаар бизнес эрхлэх вэ гэдэг моделиудаа олж харсан гэж хэлж болно. Энэ бол маш чухал. Мөн өнгөрсөн 5 долоо хоногийн хугацаанд зарим хүмүүс брэндэнгийнхээ логог үүсгэж, өөрсдөө брэндийгээ бүтээлээ. Тэгэхээр маш их нөлөөллөө үзүүлсэн сургалт гэж харж байна гэсэн юм.

Дээрх сургалт 1 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд сар бүр элсэлт авах ажээ. Тэд цаашид 1000 жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг шинэ түвшинд гаргахаар зорьж байгаа юм.

Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана
Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.