Төрийн бус байгууллагууд Н.Жавхлан сайдад шаардлага хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн бус байгууллагууд Н.Жавхлан сайдад шаардлага хүргүүлжээ

Гэрэл зургийн эх сурвалж: Эмнести интернэшнл

/2022.6.29/ Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Жавхланд төрийн бус байгууллагууд энэ сарын 24-ний өдөр дараах шаардлагыг хүргүүлжээ.

Шаардлагад Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хангалттай зөвлөлдөж хэлэлцэлгүйгээр боловсруулсан хэмээн шүүмжилжээ. Энэхүү хөгжлийн зорилтот хөтөлбөрийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуваарьтай байв. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэвэл:

Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Жавхлан танаа

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ

Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хангалттай зөвлөлдөж, хэлэлцэлгүйгээр боловсруулж, 6 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаад дараах учир шалтгааны улмаас иргэний нийгмийн байгууллагууд санаа зовниж байна. Үүнд:

1. Зохион байгуулалт, төлөвлөлтийн хувьд:

  • Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажил 2021 онд эхэлсэн гэх хэдий ч иргэний нийгмийн төлөөлөл 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Ажлын хэсэгт орж ажилласан. Үүний зэрэгцээ ажлын 3 өдөрт багтаан засаглалын зорилтот хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, санал бэлтгэх үүргийг АХ-ийн гишүүдэд даалгах зэргээр иргэд, иргэний нийгмийн бусад байгууллагыг санал бэлтгэх үйл явцад татан оролцуулах боломжийг хязгаарлаж, хөтөлбөр боловсруулахад иргэний оролцоог бодитойгоор хангах зарчмыг зөрчсөөр байна.
  • Нийт 6 хөтөлбөр боловсруулагдаж байгаа хэдий ч Засаглалын зорилтот хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн мэдээлэл байхгүйгээс ойлголтын зөрүү үүсэж, үүний улмаас үндсэн зорилтууд орхигдох, уялдаа холбоо алдагдах зэргээр дунд хугацааны хөгжлийн бодлогын цогц чанарыг хангахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгож буй зарим зорилтыг бусад хөтөлбөрт багтсан гэх үндэслэлээр засаглалын зорилтот хөтөлбөрт тусгахгүй байгаа ч эдгээр зорилт нь аль хөтөлбөрт, хэрхэн туссан талаарх мэдээлэл бидэнд байхгүй байна.

2. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн агуулгын хувьд:

  • Хөгжлийн үйл явцад оролцогч бүх талын бодитой оролцоог хангаагүйгээс Засаглалын зорилтот хөтөлбөрийн төслийн агуулга нэн тэргүүнд, зайлшгүй хэрэгжүүлэх зорилтуудыг эрэмбэлээгүй, хоорондын уялдаа холбоог хангаагүй, тооцоо судалгаанд үндэслээгүй буюу хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй зэрэг дутагдал байна.
  • Засаглалын зорилтот хөтөлбөрийн төсөлд тусгасан зарим зорилт нь Монгол Улсын Үндсэн Хуультай зөрчилдсөн буюу одоо яригдаж буй Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгаа нь хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна.

Иймд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн дараах ШААРДЛАГЫГ хүргүүлж байна.

1. Дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд нь 2030 он хүртэлх хугацааг хамарч буй тул боловсруулах явцад бүх талын бодитой оролцоог хангахад төсөлтэй танилцах, санал бэлтгэх ба илтгэх, тэдгээрийг хэлэлцэх болон зөрүүтэй асуудлаар зөвшилцөх зэрэгт хангалттай хугацаа олгох, үүний тулд ажлын явц, зохион байгуулалтыг эргэн харах. Ингэхдээ хөтөлбөрүүдийн төслийг 30-аас доошгүй хоног цахимд байршуулах.

2. Бүх хөтөлбөрийн төсөл, тэдгээрийг боловсруулахад ашигласан судалгаа, тооцоо, мэдээллийг бүх талуудад адил түвшинд олгох.

3. Зорилтот хөтөлбөрийн төсөл дэх Монгол Улсын Үндсэн Хуультай зөрчилдсөн агуулгыг хасах.

4. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг тодорхой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц, бодитой байх шалгуурт нийцүүлэн боловсруулах.

Иргэний нийгмийн байгууллагууд бид улс орныхоо дунд хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Иймд энэхүү шаардлагад нухацтай хандаж, бидний өгсөн саналын дагуу тодорхой арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсье. Тус шаардлагын хариуг доорх хаягаар ирүүлнэ үү.

Хувийг ХЗДХЯ-ны ТНБД бөгөөд Засаглалын хөтөлбөрийн дэд ажлын хэсгийн ахлагч П.Сайнзоригт хүргүүлэв.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН КОНСОРЦИУМ ба ХЭФ-ын гишүүн байгууллагын төлөөлөл:

    1. Ардчиллын боловсрол төв (ДEMO) ТББ
    2. Ахиллис Монгол ТББ
    3. Бизнес инкубатор төв ТББ
    4. Бүсгүйчүүд 21-р зуун
    5. Глоб интернэшнл төв
    6. Гэрэлт хөгжлийн тэмүүлэл
    7. Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл
    8. Захиргааны шинэ санаачилга
    9. Зориг сан
    10. Иргэний засаглал
    11. Лантуун дохио
    12. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан
    13. Монголын манлайлагчдын санаачлагыг дэмжих төв
    14. Монфемнет үндэсний сүлжээ
    15. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
    16. Монголын эмэгтэчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо
    17. Монголын Эмнести интернэшнл
    18. Нээлттэй нийгэм форум
    19. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн
    20. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд
    21. Сайн дурын байгууллагуудын сүлжээ
    22. Саяана сайн сайхны Нийгэмлэг
    23. Төр иргэн түншлэл
    24. Түгээмэл эрх хөгжил төв
    25. Үнэн хатамж
    26. Үндсэн уртраг
    27. Хил хязгааргүй алхам
    28. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
    29. Хүний эрх хамгаалагч хүчирхэг залуус
    30. Хүйсийн тэгш эрх төв
    31. Хөгжлийн хэлхээ
    32. Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн
    33. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо
    34. Хэвлэлийн хүрээлэн
    35. Цогц хөгжлийн үндэсний төв
    36. Эко үйлдвэрлэл инноваци

Эх сурвалж: Эмнести интернэшнл

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.