/2022.06.27/: БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд “1008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил өчигдөр нээлтээ хийлээ.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хороолол болж босох юм.
Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, холбогдох техникийн нөхцлүүдийг авах, барилгын ажлын үед ашиглах цэвэр ус, цахилгаанаар хангах, төсөл хэрэгжих талбайг чөлөөлөх, барилгын талбай руу орох орц, гарц гаргах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаснаар барилгын ажил ийнхүү эхэлж байна.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах юм.
Эх сурвалж: БХБЯ