/2022.06.17/ Улсын их хурлын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжсэн, дэмжээгүй үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-УИХ-ын гишүүдэд мэдэхгүй, ярихгүй юм гэж байхгүй боллоо. Одоо бүр хийх байхаа олж ядсан юм шиг аварга арслангийн цол яриад. Одоо болимоор байна. Намайг боловсролын хууль ярихаар "чи ашиг сонирхлын зөрчилтэй" гээд байдаг. Гэхдээ энэ наадмын хууль яриад байгаа нөхөд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй юм байна лээ шүү. Та нар ер нь "улс, аймгийн алдарт"-уудынхаа малгайг өмсөөд ороод ирвэл яасан юм. Тэгж байгаад ашиг сонирхлын зөрчилтэй бол "би зөрчилтэй" гээд гарч явбал яасан юм. Тэгээд л аймаг, сумынхаа юмыг яриад "бүсийн наадмыг манайд хийнэ, танайд хийнэ. Манай аймгаас тийм арслан төрөх ёстой" гээд байдаг. УИХ ийм асуудал хэлэлцэхээ болих хэрэгтэй. Мэргэжлийн холбоо нь энэ ажлаа хий л дээ. Одоо бүр арай хэтэрч байна. Улс төрчид юм бүрт гар хүрч байдгаа болиоч. Би нарийн юмыг нь мэдэхгүй учраас олон юм яримааргүй байна. Наадмын хууль хэлэлцэж байгаа бол малгай толгойгоо өмсөж ирээд, зөрчилтэй бол гар. Зөрчилгүй мань мэт нь энэ хуулийг чинь хэлэлцээд ашиг сонирхолгүй гэдгээ батлаад өгвөл өгье гэлээ.