/2022.06.16/: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 74 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/751 дүгээр захирамжаар Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг нийслэлд 2022 оны зургаадугаар сарын 17-30-ны хооронд зохион байгуулахаар болсон юм.
Энэ удаагийн тооллогоор хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг (мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурын чиглэлийн) өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр бүртгэж, ажиллах хүчний судалгаа гаргах юм. Мөн мал аж ахуйн болон газар тариалангийн машин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй статистикийн мэдээлэл бий болгоно.
Нийслэлийн 4457 нэгжийн хүрээнд 52 тоологч есөн дүүрэгт ажиллах бөгөөд тухайн дүүргийн тоологч нь өөрт хуваарилагдсан өрх, аж ахуйн нэгж, байгууллагаар очиж, таблетаар асуулга авна.
Эх сурвалж: НЗДТГ