/2022.06.16/: Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл нь иргэний улсын бүртгэлийн нэг төрөл бөгөөд жилд дундажаар 220,000-240,000 бүртгэл хийгдэж байна.
Энэ нь улсын бүртгэл тэр дундаа улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хэрэгжүүлж байгаа нийт бүртгэлийн нэлээдгүй хувийг эзэлж, иргэдийн хувьд хамгийн ихээр үйлчлүүлдэг бүртгэл юм.
Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, хүнд сурталгүй, үзүүлэх зорилгоор төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус байгууллагаас олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд улсын бүртгэлийн үйлчилгээг хөнгөвчилж, цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Энэ дундаа шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгох, иргэдийг шилжилт хөдөлгөөний бүртгэлд тухай бүр хуульд заасны дагуу бүртгүүлэх боломжийг хангах талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.
Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр иргэний улсын бүртгэлийг 15 төрөлтэй байхаар зохицуулж, бүртгэлд бүртгүүлэх баримт бичиг, бүртгэлд бүртгүүлэх хугацааг тодорхой болгож, улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зохицуулалтыг тусгаж, цахимаар хөтлөх боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу иргэн оршин суух газрынхаа бүртгэлийн нэгжид хандан шилжин ирсний буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлдэг болсноор дотоодын шилжин суурьшигчдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт бий болгосон чухал ач холбогдолтой болсон. Бүрдүүлэх баримт бичгийн хувьд ч зөвхөн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлдэг болсноор бүрдүүлэх баримт бичгийн тоо 2 дахин багасаж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зарчмын дагуу өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ зэргийг мэдээллийн санд шалган, бүртгэл хөтөлж байна.
Тэгвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгож, хөнгөвчлөх дараагийн алхмыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн байгууллага, Дэлхийн банкны Ухаалаг засаг төсөл болон ОУШХБ, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээг тоон гарын үсэгтэй уялдуулж хууль тогтоомжид заасны дагуу цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна.
Эх сурвалж: УБЕГ