/2022.06.09/: Өнөөдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо. Тэгвэл нээлттэй хорих анги гэж ямар байдаг талаар бид та бүхэнд хүргэж байна.
Нээлттэй хорих анги нь дотроо энгийн, тусгай гэж хоёр зэрэглэлд хуваагддаг.
Энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд хорих ял эдлүүлдэг.
Тусгай зэрэглэлд хоёр жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлдэг байна.
Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарладаггүй аж.
Хоригдол зохих хяналтад эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болох аж.
Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна гэж хуулинд заасан байдаг аж.