/2022.05.10/: Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.
Эхлээд Нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2022 оны нэгдүгээр улирлын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн ИТХ-аар баталж, гаргасан 42 тогтоолын 55 заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэрэгжилт 59.2 хувь, хэрэгжих шатанд70 хувь байгааг Нийслэлийн Засаг даргын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүр тодруулбал, дээрх батлагдаж гарсан тогтоолуудаас бүрэн хэрэгжсэн 19, хэрэгжих шатанд байгаа 14, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжих боломжгүй 2 байгааг хэлтсийн дарга Х.Гантулга хэлсэн юм. Тиймээс огт хэрэгжих боломжгүй буюу бодлого, шийдвэр зөрүүтэй, хэрэгжих чадамжгүй болсон зарим ажлыг хяналтаас хасах саналыг тэрбээр гаргалаа.
Тухайлбал, Багахангайн мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ыг менежментийн гэрээгээр ажиллуулах төсөлд шалгарсан этгээдтэй менежментийн гэрээ байгуулах 2019 оны тогтоолд ахиц гараагүй байна. Мөн үртсэн шахмал түлшний үйлдвэр ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр ажиллуулах, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр ажилуулахтай холбоотой гарсан тогтоол хэрэгжих боломжгүй тул Хяналт шинжилгээ-үнэлгээний мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, хяналтаас гаргах саналтай байгаа аж.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид Нийслэлийн ИТХ-аас гарч буй тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр албаны хүмүүсээс шаардлагатай мэдээллийг тодруулж саналаа хэллээ. Мөн хэрэгжилт хангалтгүй болон хэрэгжээгүй үнэлгээтэй ажлуудын шалтгаан нь үйл ажиллагааны зохион байгуулалтаас үүдэлтэй гэдгийг тодотгоод энэ чиглэлд анхаарч ажиллах талаар зөвлөмж гаргахаар болов.
Чиг үүргийн давхцал, хийдлийг арилгахад анхаарахыг сануулав
Хуралдаанаар мөн Нийслэлийн чиг үүрэг, Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон чиг үүргийг Засаг даргын харьяалах байгууллагын дүрэмд тусгасан байдлын талаарх танилцуулга, мэдээллийг сонсов.
Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд дээрх мэдээллийг төлөөлөгчдөд өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тогтоолоор батлагдсан чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалын дагуу хийсэн судалгааны дүнгээр Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг 215 хуулиар тодорхойлсон байдаг бол, ерөнхий чиг үүрэг 13, үндсэн чиг үүрэг 49, дэд чиг үүрэг 288 байдаг аж.
Мөн тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 35 агентлагийн чиг үүргийг Нийслэлийн Засаг даргынхтай харьцуулан шинэчлэн тодорхойлжээ. Улмаар 25 агентлаг, НЗДТГ-ын дүрмийг тодорхойлсон чиг үүргийн хүрээнд шинэчлэн боловсруулж батлуулсныг Хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан юм. Харин төлөөлөгчид агентлагууд чиг үүргийн давхцалтай, үүнээс шалтгаалсан ажлын хийдэл гарч, эзэнгүйддэг асуудлыг хөндлөө.
Тухайлбал, төлөөлөгч Н.Баярчимэг босоо тогтолцоотой агентлаг буюу халамж, эрүүл мэнд зэрэг зарим салбарыг хариуцсан нийслэлийн агентлагуудтай хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж ажилладгийг тодруулав. Мөн чиг үүргийн давхардлаас үүдэлтэй төрийн байгууллагын бүтээмж сул байгааг П.Ганзориг төлөөлөгч хэлсэн юм. Тэрбээр мөн төрийн анхан болон дунд шатны албан хаагчдын ажлын ачаалал хэт их байгааг тодотгов. Харин Д.Ихбаяр төлөөлөгч төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх асуудлыг хөндөв. Төлөөлөгчдийн гаргасан санал буюу чиг үүргийн давхцал, хийдэл, дэд чиг үүрэгтэй шаардлагагүй агентлагууд ажилладаг, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэрэг саналуудыг нэгтгэсэн зөвлөмжийг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооноос гаргана гэдгийг тус хороон дарга Б.Мягмар хэлэв.
Эх сурвалж: НИТХ