/2022.05.10/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан.
Энэ дагуу Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Б.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд газар эзэмших зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлэв. Тухайн иргэдийг төлөөлөн иргэн Г.Эрдэнэчимэг “Бид 1995 оноос хойш тус хорооны Шар хадны эцсийн автобусны буудал дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ирсэн. Эхэндээ тэнд байсан арван лангуу бүгд газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ч хоёр захын лангуу зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Тиймээс бид ч мөн зөвшөөрөл авахын тулд 2014 оноос хойш хөөцөлдөж, бичиг баримтаа бүрдүүлэн хүсэлт өгсөн боловч амжилт олоогүй явна. Дүүргийн зүгээс тэр хэсэгт жишиг автобусны буудал барина гэсэн учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүйд хүрч байгааг шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Тэд өнөөг хүртэл газрын төлбөр болон үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ татварыг төлөн үйл ажиллагаагаа явуулсаар ирснээ мөн дурдав.
Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хорь гаруй жил үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагууд нь албан ёсны зөвшөөрөл өгөөгүй ч газрын төлбөр, үйлчилгээний татвар авч ирсэн бол та бүхний ажлыг гэнэт зогсоох нь зохимжгүй. Засаг дарга ч мөн тухайн байршилдаа удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, амьдрал ахуйгаа авч явж буй иргэдийн асуудлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэх байр суурьтай байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно. Эхний ээлжинд дүүргийн зүгээс газар эзэмших эрхийг нь олгох хэрэгтэй” хэмээлээ. Тухайн хэсэгт жишиг буудал барихдаа тэдгээр иргэдийн павилионыг буулгах бус ногоон байгууламж, нийтийн бие засах газар зэргийг байгуулж орчны тохижилт хийх тул иргэдийг ч мөн хамтран ажиллахыг хүссэн юм.
Уулзалтад ирсэн удаах хүн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Шагдарсүрэн байлаа. Тэрээр 2011 онд тус хорооны нэгдүгээр хорооллын орчимд 1000 ам метр талбайг эзэмших зөвшөөрөл авч, тухайн талбайгаа чөлөөлөн ажлын байр барьсан гэв. Гэтэл зөвшөөрлийнх нь хугацаа өнгөрсөн онд дуусаж, ажлын байраа нураах нөхцөл байдал үүсээд байгааг боломжит арга замаар шийдэж өгөхийг хүсэж, газраа авч үлдэх хүсэлтээ илэрхийлсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тухайн иргэн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй хэд хэдэн талбайд объект барьсан гэх мэт зөрчлүүд илэрсэн тул уг хэсгийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч байгааг тодотгов. Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хотын дарга аль болох иргэдийн асуудлыг шийдэх үүднээс энэ уулзалтыг товлож байгаа. Тиймээс таны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, төлөвлөлт, тохижилтдоо тусгая. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахад иргэн та ч анхаарч, бидний ажлыг дэмжихийг хүсье” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ