Нарны замын хөдөлгөөнийг 12-ноос хэсэгчлэн хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нарны замын хөдөлгөөнийг 12-ноос хэсэгчлэн хаана

/2022.05.09/: “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм. Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа.

-Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн ч эрс өссөн. 20 шахам жилийн нүүрийг үзэж буй Нарны замыг энэ жил шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ. Тодруулбал,

Эхний ээлжид Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд,

Дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд иргэд, жолооч нар маань дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

-Нарны замд шинэчлэл хийх шаардлага яагаад үүссэн бэ?

-Авто замыг олон жил ашигласан тул шинэчлэх шаардлага тулгарсан. Замын хашлага л гэхэд олон жилийн эдэлгээнд эвдэрч муудсан, шинэчлэх нь зайлшгүй байсан. Авто замын хашлагыг шинэчлэн хийсэн байгаа. Нэлээд өндөр тавьсан. Замын хучилт нь гурван үеийн асфальтан хучилт байх учир өндөржилтийн зөрүү үүсэх магадлалтай тул хашлагыг өндөр тавихаас аргагүй байсан.

-Нарны замын хучилтыг 19 жилийн дараа шинэчилж байгаа юм байна. Энэ удаагийн шинэчлэлд хэдэн жилийн баталгаа өгөх вэ?

-Зам засварыг тодорхой хугацаанд хийх төлөвлөлттэй байдаг. Урсгал засвар, ээлжит болон их засвар, бүрэн шинэчлэлт гэсэн төрөлтэй, төрөл тус бүрийг тусгайлсан хугацаанд хийдэг онцлогтой. Асфальтан хучилттай авто замд 13-15 жилийн дараа их засвар болон бүрэн шинэчлэл хийдэг. Жил болгон урсгал засварын ажлуудыг тогтмол хийх шаардлага, хэрэгцээ үүсдэг. Урсгал засварыг цаг алдалгүй хийгээд явахад замын асфальтан хучилтыг зохих хугацаа хүртэл нь бариад байх боломжтой.

-Засвар хийхийн тулд замыг хаахаар түгжрэл үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Бид энэ бүгдийг тооцоолсон тул шинэчлэл хийх замыг бүхэлд нь биш, хэсэгчлэн хааж байгаа. Нэг километр замыг бүхэлд нь хаахгүйгээр эхний ээлжид 238 метр замыг хаана. Мэдээж тээврийн хэрэгслийн түгжрэл нэмэгдэх хэдий ч богино зайд, богино хугацаагаар зам хааж, ачаалал үүсгэхгүйг хичээсэн.

-Олимпын гүүрний дугуйн болон явган замыг хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ. Зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд ашиглалтад оруулах үүргийг Хотын дарга өгсөн. Тэр хугацаанд амжихаар байгаа юу?

-Хотын даргын өгсөн үүргийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар явган хүний гүүрний өрөмдлөг хийж байна. Гүүрийн суурийг газрын гүнд 25 метрт суурилуулна. Төмөр хийц эдлэл тавдугаар сарын 19-ний өдөр Монголд орж ирнэ. Суурь хийсний дараа угсралт эхэлнэ. Тээвэр саатахгүй бол ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжтой.

-Явган хүний замыг хэдий хэрийн өргөнтэй тавих вэ?

-Явган хүний гүүр нь налуу зам болон шатаар зорчих гэсэн хоёр хувилбартай. Явган зорчигчид Их наяд худалдааны төвийн харалдаа замаар төмөр замын гарам даваад Нарны замынхаа урд талд гарах байдлаар төлөвлөсөн. Явган зам 2-3 метр өргөн, 35 метр урттай байгаа. Налуу замаа нэмж тооцвол, 200 метр орчим урттай явган хүний зам тавьж байна гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.