/2022.05.04/: “Эмэгтэйн түүх” уулзалт ”Хэвлэл мэдээлэл дэх эмэгтэйчүүдийн улс төрийн дуу хоолой" сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 29-ны өдөр уулзалт боллоо.
Уулзалтын зочдоор УИХ гишүүн асан А.Ундраа, Mpress.mn Сайтын Үүсгэн байгуулагч О.Ариунбилэг нар оролцож өөрсдийн түүхээ хуваалцлаа.
Тухайлбал УИХ гишүүн асан А.Ундраа хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж байсан сайн туршлага, сургамжаа оролцогчидтой хуваалцлаа. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “He for she” аяныг амжилтай өрнүүлж чадсан бөгөөд хэвлэл мэдээлэл тус сэдвийг далайцтай сурвалжилж байсан, мөн зарим сэтгүүлчдийн санаачилга нь нэмэр болж байсан тухай ярьсан юм.
Сэтгүүлч О.Ариунбилэг уулзалтын үеэр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд өнөөдрийнхөөс илүү олон болох шаардлагатай, тэгж байж нийгэм, эрүүл мэнд, боловсрол зэрэг хоцрогдоод буй салбаруудад ахиц дэвшил гаргана гэж бодож байна гэлээ.
Нийгэмд жижиг асуудал гэж байдаггүй, тухайлбал иргэдийн явган замын асуудлыг шийдэхэд зөвхөн хүүхдийн түрдэг тэрэгтэй эхчүүдийн асуудал шийдэгдээд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжирч, замын түгжрэл буурахад нөлөөлөл үзүүлж, иргэдийн эрүүл мэндэд ч дам нөлөөлөх болно. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очихын тулд хэвлэл мэдээлэлд дуу хоолойгоо хүргэдэг байх хэрэгтэй. Судлах, боловсруулах зэрэг бүх ажлыг нь хийчихээд яг олон нийтэд харагдах болохоор гарахгүй байх нь буруу гэв.
“Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” нь шинэ улирлын “Эмэгтэйн түүх” уулзалтыг ток шоу хэлбэрээр “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлтэй хамтран зохион байгуулав.
Уулзалтын талаар “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин хэлэхдээ “Сэтгүүлч үргэлж сайн эх сурвалжийг хайж байдаг. Тэгвэл нийгэмд гарч ирээгүй олон эмэгтэйчүүд сэтгүүлчдийн чанартай эх сурвалж болж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж чадах юм” гэв.