/2022.05.04/ Нийгмийн эрх ашгийн өмгөөлөл: Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Тус хэлэлцүүлгээр хүрээлэн буй орчин болон эрүүл мэндийн чиглэлээр стратегийн өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нийтлэг асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөж байна.
Энэ үеэр “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ-ын ажилтан Р.Лхагвабаяр Стратегийн өмгөөллийн “Эрдэнэтийн цагаан тоос” төслийн талаар илтгэл тавилаа.
Тэрээр:
-Эрдэнэт үйлдвэр 1970 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зэсийн баяжмал гаргаж аваад гарсан хог хаягдлаа өнөөдрийг хүртэл ил задгай газарт хаяж, хуримтлуулсаар байна. Энэ нь овоорсоор байгаад салхи босох үед дэгддэг болчихсон. Байнга цагаан тоос хийсч байдаг. Манайх энэ асуудлыг шийдэх гэж стратегийн өмгөөллөө эхлүүлсэн.
Иргэд өөрсдийн дуу хоолойг тухайн орон нутагтаа хүргэдэг ч одоог хүртэл шийдүүлж чадаагүй. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ цагаан тоосны асуудлыг байгууллагын нууцдаа хамааруулаад олон нийтэд мэдээлдэггүй, нууцалдаг.
Манайх энэ хэрэг дээр ажиллахдаа гурван үндсэн чиглэлийг барьж ажилласан. Тодруулбал,
- Иргэдийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулах
- Иргэдэд нөхөн олговор олгох
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас цагаан тоосны талаар авч хэрэгжүүлж буй үйл явцын явцыг мэдээлэх гэсэн гурван шаардлагын нэхэмжлэлдээ тусгаад явж байгаа.