/2022.4.20/ Америкийн CNN агентлагт дэлхийд алдартай шатарчин Гарри Каспаров ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа:
-Юун түрүүнд, оросын ард түмэн, элитүүд бүгд Орос улс дайнд ялагдсан гэдгээ ойлгож, ухаарах хэрэгтэй. Украинд ялагдсан гэх энэ таагүй мэдээ нь илүү олон хүнийг Путины дэглэмийн эсрэг босох хүчийг өгөх болно. Эдийн засаг хүндрэх нь ч үүнд нөлөөлнө хэмээв.
Түүний хэлж буйгаар Оросын арми Украинд гацсан, одоо яахаа мэдэхээ больсон гэв. Украинчууд газар нутгийнхаа төлөө тэмцэн дайтаж байгаа нь зөв бөгөөд, Украинчуудыг дэмжиж туслалцаа үзүүлэх ёстой гэлээ.
Сонирхуулахад, 2016 онд Гарри Каспаров "Өвөл айсуй" гэх ном бичсэн бөгөөд энэ номондоо "КГБ-ын дэд хурандаа асан В.Путин Оросын Ерөнхийлөгч болсноор орос улс ардчиллаас холдсон. Путин зөвхөн улсынхаа дарангуйлагч болоод зогсохгүй дэлхий дахины аюул занал болж "өсөж хөгжив". Цөмийн зэвсэгтэй тэрээр дэлхийн анхаарлын төвд очлоо. Путин зогсох ёстой" хэмээн бичиж байлаа.
Гарри Каспаров 1963 онд Азербажайны Кабу хотод төржээ. Тэрээр ЗСНБХУ-ын задралыг дэмжигч, идэвхтэн байсан юм. 2005 онд тэрээр мэргэжлийн шатраас зодог тайлж, 2012 онд Нью-Йоркод төвтэй Хүний эрхийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон байна. Путины дарангуйллын үеэр баригдах шахсан тэрээр 2013 онд Москвагаас Нью-Йорк руу нүүж амжжээ.
Каспаров бол хүний эрхийн болон улстөрийн идэвхтэн, нийтлэлч, зохиолч хүн юм.