/2022.4.15/ Дэлхийн хамгийн том газрын тосны худалдаа эрхэлдэг компани Vitol Group 2022 оны эцэс гэхэд Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг бүрмөсөн зогсооно гэдгээ мэдэгдсэн тухай Bloomberg агентлаг дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлэв.
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Bloomberg-т мэдээлснээр, "Одоогийн гэрээний үүрэг багасах тусам Vitol-ийн арилжаалах Оросын газрын тосны хэмжээ энэ оны 2 дугаар улиралд мэдэгдэхүйц буурах болно" гэжээ. Тус компани зөвхөн Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө байгуулсан гэрээний дагуу худалдан авалт хийх бөгөөд Оросын газрын тосны компаниудтай шинэ гэрээ хэлэлцээр хийхгүй гэдгээ баталжээ.
Vitol компанийн гүйцэтгэх захирал Рассел Харди өнгөрсөн сард тус компани Оросын зах зээл дээрх спот худалдан авалтаа зогсоосон ч урт хугацааны гэрээгээ биелүүлсээр байгаа гэж мэдэгджээ. Vitol "Восток Ойл" төсөл дэх өөрийн хувийг Роснефть НХН-д худалдах талаар бодож үзсэн ч хараахан шийдвэр гаргаагүй байна.
Бусад томоохон газрын тосны худалдаачид Trafigura болон Glencore мөн урт хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээ мэдэгдэв. Гэсэн хэдий ч Glencore ОХУ-д шинэ хэлцэл, гэрээ байгуулахгүй гэдгээ тодотгож, Trafigura Оросын газрын тосны арилжааны хэмжээг бууруулсан байна.
Эх сурвалж: bloomberg.com