В.Ганзориг: Метан хийн олборлолтоо эхлүүлчихвэл ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ асуудлыг ШИЙДЭЖ ЧАДНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Ганзориг: Метан хийн олборлолтоо эхлүүлчихвэл ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ асуудлыг ШИЙДЭЖ ЧАДНА

Метан хийн цооног өрөмдөлт амжилттай болсон сайхан мэдээ саяхан гарсан. Энэ сургаар Австралийн хөрөнгийн бирж дээрх монголын “Тэлмэн Ресурс” компанийн хувьцааны ханш гурав дахин өссөн байна.

Монголын хувьд тийм ч олон компани дэлхийн зах зээл дээр гараагүй. Тиймээс нэн сонирхолтой санагдсан энэ сэдвээр ярилцлагаа эхэлье.

Ярилцлагын зочин: В.Ганзориг. Тэлмэн ресурс компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал.

В.Ганзориг, Тэлмэн ресурс компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН МААНЬ ОРУУЛСАН 50 МЯНГАН
ДОЛЛАР 500 МЯНГА ХҮРЧЭЭ

-Танай компани хэзээ олон улсын бирж дээр гарав?
-2022 оны хоёрдугаар сарын 15-нд албан ёсоор нээлттэй компани болж, Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах хоёр арга бий. Нэг нь шинээр гарах буюу IPO хийх эсвэл тэнд байгаа үйл ажиллагаа нь зогссон компанийг “залгиж” гарах арга зам байдаг. Манай компани хоёр дахь замыг сонгосон. Ингэснээр бага зардлаар, богино хугацаанд гарах, мөн, тухайн компанийн төслийг давхар хэрэгжүүлэх боломжтой болдог.

-Олон улсын бирж дээр гарахын тулд маш их бэлтгэл ажиллагаа шаардлагатай биз?
-Өө тэгэлгүй яахав. Бүх шаардлагыг хангаж ажилласан. Ер нь бид анхнаасаа буюу 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ л олон улсын хөрөнгийн бирж дээр гарах зорилготой байсан учир бэлтгэл нь нэлээд эртнээс эхэлсэн гэж ойлгож болно. Яг бирж дээр гарахын өмнө зургаан сарын хугацаанд илүү эрчимтэй бэлтгэсэн.

-Ямар туршлага дээр үндэслэж олон улсад гарав?
-Манай компанийн хувьд монгол залуус өөрсдөө төслийн бүх ажлыг эхнээс нь гардан зохион байгуулж, Австралийн хөрөнгийн бирж дээр компаниа гаргасан онцлогтой. Би өөрөө Австралийн зөвлөх үйлчилгээний компанид 10 жил гаруй ажилласан, Австралийн мэргэшсэн зэрэгтэй. Тухайн үед олон улсад хөрөнгө босгох 60 гаруй тайлан, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ туршлагаараа 2019 онд энэ төслөө эхлүүлсэн.

-Төслөө анхнаасаа “харчихсан” байсан юмаа даа?
-“Бидэнд ямар боломж байна” гээд л анхнаасаа харна. “Ямар ч байсан төсөл байна. Төсөл нь үр ашигтай байж болохуйц. Гэхдээ хааш нь хэрхэн залахаас ихээхэн шалтгаалах юм байна” гэж бодсон. Миний хувьд олон улсын хөрөнгө оруулалт татах тайлан гаргаж 10 гаруй жил ажиллахдаа сүүлийн гурав, дөрвөн жилд нь ажиллаж байсан компанидаа 50, 60 сая долларын хөрөнгийг босгоод өгчихсөн учир энэ боломж нь надад “харагдаад” байгаа юм.

-Өнгөрөгч долоо хоногт амжилттай болсон өрөмдлөгийн мэдээний дараа танай хувьцаа өссөн гэж сонссон?
-Манай хувьцааны өсөлт тогтвортой үргэлжилж байгаа. Австралийн хөрөнгийн бирж дээр хоёрдугаар сарын 15-нд гарснаасаа хойш хоёр ч удаа өсөлтөөрөө рекорд тогтоогоод байна. Гэхдээ манай үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тэгэхээр өсөлт үргэлжлэх нь тодорхой.

-Хувьцааны үнийн өсөлт чинь үнэхээр сонирхол татаж байна. Танай компанийн үнэлгээ бирж дээр хэдэн доллараар эхэлсэн бэ. Одоо хэдэн доллар байна?
-Манайх бэлэн компанийг худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн үед компанийх нь зах зээлийн үнэлгээ нь 6-7 сая доллар байсан. Манайх худалдаж аваад, хоёр сарын хугацаанд 50 сая долларт хүргэсэн. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах давуу тал нь төслөө амжилттай зохион байгуулж чадвал тухайн компанийн үнэ цэн өсч л байдаг. Нэг хүнд ноогдох ашиг нь нэмэгдээд байгаа л гэсэн үг. Одоогоор нэг хувьцаа 20 орчим төгрөг байгаа. Компани дөнгөж эхэлж байгаа үед ийм байна. Тодорхой хугацааны дараа арай өөр түвшинд очих байх. Гэхдээ хүмүүс маань зөвхөн ашиг харж хөрөнгө оруулалт хийх биш, юунд хөрөнгө оруулж байгаагаа бас бодох хариуцлага гэж бий. Манай компани тун ойрын ирээдүйд Улаанбаатарын агаарын бохирдлыг шийдэж, монгол иргэдийн эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.

-Анх худалдаж авсан хүмүүсийн хувьцааны ханш өсөөд баяртай байгаа байх даа?
-Нэг сонин түүх бий. 2019 онд дөнгөж эхэлж байхдаа бид хөрөнгө оруулалтаа шийдэх гээд дотоодын компаниудтай уулзаж байсан. Тэр үед бүгд л “Эрсдэлтэй, монгол хүмүүс энэ төслийг амжилттай өрнүүлсэн түүх байхгүй” гээд итгэхгүй байсан. Гэхдээ тэр үед нэг хөрөнгө оруулагч бидэнд итгэж, 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тэр хүний хөрөнгө нь 500 мянган доллар болчихсон байж байна. Эрсдэлтэй байх тусам өндөр боломж байдаг гэдэг нь харагдаж байгаа юм.

ХИЙН ОЛБОРЛОЛТ ЭХЭЛВЭЛ ХИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ 50%
ХЯМДРАХ БОЛОМЖТОЙ

-Нүүрс бүхэнд хий агуулагдах уу?
-Нүүрс бүхэн метан хийтэй. Энгийнээр хэлэхэд, нүүрс нь дотроо хүрэн нүүрс, хагас чулуун, чулуун, антрацид гээд дөрвөн төрөл байдаг. Нүүрсний чанар болон насжилт удах тусам метан хийн агууламж, гарц нь сайжирдаг. Нүүрс нь өөрөө 98 хувь цул, 2 хувь нь ан цав байдаг. Тэр 2 хувьд л хий агуулагдаж байдаг.

-Метан хийн олборлолт хийсний дараа нүүрсний чанарт ямар нэгэн нөлөө гарах уу?
-Нүүрсний чанарт нөлөөлөхгүй. Харин энэ хийг авснаараа байгальд задгай гарахаас хамгаалж байна гэсэн үг. Метан хий нь байгаль дэлхийд хамгийн хортой зүйл. Яагаад гэвэл, метан хий нь өөрөө нүүрсхүчлийн хийнээс 25 дахин хүнд, хортой. Нүүрсхүчлийн хийнээс 25 дахин их дулаан ялгаруулдаг учир азоныг цоорхойг эрчимтэй нэмэгдүүлдэг. Мөн нүүрс олборлож байгаа хүмүүст хортой бөгөөд аюултай зүйл. Метан хий нь нүүрсний уурхайд хуримтлагдаж байдаг. Өөрөө шатдаг хий учир хамгийн аюултай. Налайхад 20 гаруй залуус метан хийнээс болж амиа алдаж байлаа. Саяхан Орост бас осол болсон. Тиймээс метан хийг илрүүлж, олж авснаар харилцан нэгэндээ тус болж байна л гэсэн үг.

-Дээр, Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос нь салгах зорилготой гэсэн. Өөр ямар ач холбогдлыг улсдаа харав?
-Эрчим хүчнээс гадна автомашиныг хийгээр хангаж чадна. Дотооддоо гаргаж чадвал одоо байгаа газын үнэ 50 хувь хүртэл хямдрах боломжтой. Түүнчлэн гаазан машины хэрэглээ ч нэмэгдэх болов уу.

МЭДЭЭЛЭЛ ИЛ ТОД БАЙХ НЬ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОХ ГОЛ ТҮЛХҮҮР БҮТЭЭГДЭХҮҮН
ХУВААХ ГЭРЭЭГЭЭР ТӨР ЯМАР Ч ЭРСДЭЛ ХҮЛЭЭХГҮЙ

-Манай улсад 2018 онд Австралийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” компани хайгуулыг эхлүүллээгэдэг мэдээлэл цацагдаж байсан. Танай компани энэ салбарт хэд дэх “тоглогч” вэ?
-Метан хийн судалгаа 2018 онд эрчимтэй эхэлсэн. Хамгийн анх Австралийн хөрөнгө оруулалтай “Elixir” компани монголд метан хийн хайгуулын ажлыг эхлүүлсэн. Дараа нь Эрдэнэс Монголын охин компани болох “Эрдэнэс метан” компанитай “Жет метан” компани хамтарч хайгуулын ажлыг эхлүүлсэн. Энэ нь мөн Австралийн хөрөнгө оруулалттай бөгөөд австрали давуу эрхтэйгээр байгуулсан компани. Манай “Тэлмэн Ресурс” компанийн хувьд энэ салбарт гурав дахь нь болж байна. Бид 2019 оноос Гурвантэс 35 гэдэг төслийн талбайг эрлийн гэрээгээр авсан.

-Хайгуулын биш эрлийн?
-Газрын тосны салбарт эрэл, хайгуул, олборлолт гэж байдаг. Хатуу ашигт малтмал дээр хайгуул, олборлолт, ашиглалт гэж явдаг. Бид Газрын тосны тухай хуулиар зохицуулагддаг.

-Эрлийн ажилд хэдий хугацаа зарцуулсан бэ?
-
Биднийг ажлаа эхлүүлсэн 2019 он яг ковидын жил таарсан. Хил гааль хаалттай, гадны хөрөнгө оруулалтын ямар ч боломж байгаагүй. Тиймээс яг өөрсдийн чадвар, туршлага, хөрөнгө оруулалтаараа богино хугацаанд шийдэж чадсан. Гурван жил хийх хайгуулын ажлыг нэг жилийн дотор хийж дуусгасан. Энэ нь тухайн салбарын мэргэшсэн хүн төслийг удирдан зохион байгуулахын давуу талыг илтгэж байгаа юм. Зөв төсөл, зөв хүмүүс нэг цэгт уулзсан онцлогтой. Ингээд 2021 оны долоодугаар сард Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан хайгуулын шатанд шилжсэн.

-Яамдаас санал авахын тулд орон нутагтайгаа асуудлаа шийдсэн байх ёстой байх аа?
-Тийм. Өмнөговь аймаг бол хамгийн их лиценз олгогдсон аймаг. Энэ үед нь цоо шинэ төслийг танилцуулж, ойлгуулна гэдэг хэцүү байсан. Эхний жил ойлголт тааруу байсан учир эсэргүүцэлтэй тулгарсан. Харин хоёр, гурав дахь жилээс харилцан ойлголцож чадсан.

Төслийг амжилттай явуулах нэг үндэслэл нь зөвхөн геологи, ажилдаа төвлөрөхөөс гадна бусад бүх харилцагч, хамтрагч нартайгаа нэг түвшинд мэдээллийг хүлээж авах, ил тод нээлттэй байх явдал юм. Манай монгол компаниудын нэг дутагдалтай тал нь хамаг мэдээллээ нуучихдаг. Гэтэл ач холбогдлыг нь харахаар сүртэй нуугаад байхаар зүйл байдаггүй. Ер нь аливаа мэдээллийн 10 хүртэл хувь нь л компанийн нууцтай холбоотой мэдээлэл байдаг.

Манай мэдээлэл 2022 оны хоёрдугаар сард албан ёсоор нээлттэй компани болж австралийн хөрөнгийн бирж дээр гарсан. Гэхдээ бид 2019 оноос л яг ийм нээлттэй компани зорилгодоо нийцүүлж, бүх мэдээллээ ил тод байлгаж ажиллаж ирсэн. Хүн мэдээлэл сайн авах тусам эрүүл, зөв сэтгэлгээгээр хандах боломжийг бий болгодог гэж би боддог.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүнд Засгийн газар ямар үр ашиг хүртэх вэ?
-Гэрээн дээр хайгуулын үе шатанд төр өөрөөсөө ямар нэгэн мөнгө гаргахгүй. Ирээдүйд нөөц тогтоогоод, үйлдвэрлэл эхлэх юм бол Засгийн газар гэрээний дагуу компаниас татаасууд авч эхэлнэ. Рояалти болон бүтээгдэхүүн хувааж эхэлнэ. Харин одоо хайгуулын шатанд сургалтын урамшуулал, төлөөлөгчийн газрын дэмжлэг, орон нутгийг дэмжих сангийн хүрээнд орон нутагт жил бүр төлбөр төлнө. Хувь компани өөрөө бүх эрсдлийг даана гэсэн үг. Төр ямар ч эрсдэл хүлээхгүй.

-Туршилтын өрөмдлөг байсан байх аа?
-Судалгааны гэж хэлэх нь зөв болов уу. Энэ жил хайгуулын төлөвлөгөөнд судалгааны таван цооног өрөмдлөг хийнэ гэж төлөвлөсөн. Таван өрөмдлөгийн эхнийх нь эхэлсэн. Энэ төслийн талбайн онцлог нь Нарийн сухайт ордод байршдаг. Энэ талбайд 20 жил нүүрсний судалгаа хийж, нийт 3000 гаруй цооног өрөмдчихсөн байдаг. Бидний хувьд нүүрсний судалгааг шинээр хийлгүйгээр хийг тогтоочихвол шууд олборлолтод шилжих боломжтой. Нүүрсний давхаргын метан хий гэхээр нүүрсэн дотор л байдаг зүйл. Тэгэхээр бид нүүрсээ хайхгүйгээр, шууд хий байгаа эсэхийг л судалж байна гэсэн үг. Энэ нь том давуу тал юм.

МЕТАНЫ ХИЙН ТАЛААР ТАЙЛБАРЛАХААР ХҮМҮҮС
“ЯАГААД ЭРТХЭН ЭХЛЭЭГҮЙ ЮМ БЭ” ГЭДЭГ

-Метан хийн эрчим хүч хураагуур гэж байх уу? Хийгээ хаана, хэрхэн хуримтлуулдаг вэ?
-Хүн бүхэн сэдэв бүрийг мэддэг юм шиг ярьдаг болсон энэ үед би геологич хүн атлаа багахан судалсан эрчим хүчнийхээ талаар ярих гэж байна гэдгээ юун түрүүнд тодруулж хэлье.

Метан хийн эрчим хүчний нэг онцлог нь хөрөнгө оруулалтын хувьд нарны эрчим хүчтэй харьцуулвал 4-5 дахин, нүүрснийхтэй харьцуулахад 2-3 дахин хямд. Овор хэмжээний хувьд 40 тоннын контейнерт л станц нь багтчихна. Өмнөговь аймгийн эрчим хүчний хэрэглээ нь ойролцоогоор 2,5-3 мВтт. Станцынх нь хэмжээг бүдүүлгээр тодорхойлвол, нэлээд том байшингийн хэмжээтэй. Харин үүнийг хийгээр шийдвэл 40 тоннын контейнерт л багтана гэсэн үг.

Хийн генераторын давуу тал нь 99 хувийн шаталттай, ус хэрэглэхгүй. Хий байгальд ээлтэй гээд байгаа нь тортог утаа гаргахгүй, үнс хаягдал гаргахгүй, хүнд элемент ялгаруулахгүй, ус хэрэглэхгүй, овор хэмжээ багатай.

Нүүрсний цахилгаан станцыг унтраагаад буцааж асаан горимд нь оруулахын тулд 24-48 цаг зарцуулах шаардлагатай. Метан хийн цахилгаан станцын хувьд кноп дарж унтраагаад, кноп дараад л асаачихна. Овор хэмжээ бага учир хүссэн газар руугаа зөөвөрлөж, нүүлгэх боломжтой.

Эсвэл тухайн орон нутгийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдлээ гэхэд дэргэд нь дахиж нэг 40 тоннын контейнер шиг хэмжээтэй угсралт хийгээд л нэмчихнэ.

-Яагаад эртхэн хэрэгжүүлээгүй юм бэ?
-Хүмүүс харин тэгж л хэлдэг юм. Багануурын нүүрс дунджаар 3500 ккал/кг илчлэгтэй. Метан хий 13000 ккалори нь нүүрснийхээс 3-4 дахин өндөр илчлэгтэй.

-Хий гээд ярихаар л “Дэлбэрчих вий” гэсэн айдас байгаад байдаг л даа.
-Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айдаг. Бид одоо ярьж байгаа нь шинэлэг юм шиг боловч дэлхий дээр маш олон улс орон байгалийн хийг ашиглаж, эрчим хүч гарган авсаар 30 гаруй жил хэдийнээ болчихжээ. Гэвч энэ хугацаанд тийм аймшигтай дэлбэрэлт болсон зүйл бараг үгүй. Технологи нь ч өндөр хөгжсөн. Тэгээд ч бид гаазын плитка ашиглаж хоолоо болгож иддэг шүү дээ. Өнөөдөр бараг бүх ресторан гаазыг ашиглаж байна.

-Цаана чинь 2024 оноос цахилгааны хязгаарлалт хийж эхэлнэ гээд айлгаад байгаа шүү. Энэ хугацаанд 20+ давхар олон барилга барьсан. Гэх мэтээр цахилгаан хязгаарлачихвал айх аюул олон байна.
-Бид амжиж энэ хугацаанд үйл ажиллагаагаа хурдасгаж чадвал хамтаараа хязгаарлалтын асуудлыг шийдэж чадна. Мөн гадагш урсгаж буй мөнгөө ч хэмнэж чадна.

-Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хангах тал дээр хэрхэн ажиллав?
-Манай төсөл орон нутгийг ахуйн хийгээр хэрэглээг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй хангана. Энэ хүрээнд иргэд халаалтаа шийдүүлж, хоолоо үнэгүй цахилгаанаар хийж иддэг болох, цахилгаан машин унадаг болох давуу талтай. Манай төсөл Өмнөговь аймгийн Гурван тэс, Сэрвээ, Ноён сумдыг хамарсан талбайтай. Гурван тэс, Ноён, Сэрвээ гурвуулаа хятадаас эрчим хүч авдаг, төвийн эрчим хүчтэй холбогдоогүй. Бидний зорилго бол тусгаар тогтносон улсын хувьд бие дааж эрчим хүчээ шийдэж байх ёстой гэсэн зорилготой. Тиймээс эрчим хүчийг нь шийдэж өгөхийг хүсдэг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Кристиано Роналдо шинэ төрсөн хүүгээ нас барсан гэдгийг мэдэгдлээ
Кристиано Роналдо шинэ төрсөн хүүгээ нас барсан гэдгийг мэдэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.