/2022.04.19/ Алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо болон түүний эхнэр Жоржина Родригес нар өчигдөр бяцхан хүүгээ нас барсныг олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
Тэд, "Хүү маань таалал төгссөнийг зарлаж байгаад гүнээ харамсаж байна. Энэ бол ямар ч эцэг эхийн мэдрэх хамгийн том өвдөлт юм" хэмээн бичсэн байна.
Кристиано Роналдо өнгөрсөн оны аравдугаар сард ихэр хүүхдээ хүлээж буйгаа зарлаж байсан юм. Түүнчлэн арванхоёрдугаар сард тэд хүү, охин төрүүлэх гэж буйгаа мэдэгдэж байсан билээ.
Роналдо, Родригес нар олон нийтийн сүлжээнд "Бидний бяцхан охин мэндэлсэн нь л энэ мөчийг бага зэрэг итгэл найдвар, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэх хүчийг өгч байна. Тусламж, дэмжлэг үзүүлсэн эмч, сувилагч нартаа баярлалаа" гэжээ.
Эх сурвалж: CNN