/2022.03.30/: Монгол Улс болон Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхийг сайжруулах төсөл”-ийн семинарыг гуравдугаар сарын 29-нд зохион байгууллаа.
Семинарыг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Японы Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока Акира, Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням нар үг хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Зам, тээврийн хөгжлийн яам болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн замын хөгжлийн газраас хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэхүү семинарыг Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа тул ойн мэндийг нийт албан хаагч та бүхэнд хүргэе.
Хоёр улсын хамтын ажиллагааны төсөл зам, тээврийн салбарт олон удаа хэрэгжсэн. Үүний нэг жишээ нь Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал. Энэхүү сургалтаар авто замын салбарын мэргэжилтэн, инженер, техникийн ажилчид шинэ мэдээлэл сонсож, туршлага судлан, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Үүний дараа ЖАЙКА-гийн мэргэжилтний багийн ахлагч Мита Хироши төслийн үйл явцын талаар товч танилцуулав. Энэхүү төсөл нь гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 2023 оны хоёрдугаар сард дуусна.
Түүнчлэн үндсэн гурван ажлын хэсгээс бүрдэх ба асфальтбетон хучилт, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын стандартыг 2021 онд батлуулсан ба цементбетон хучилтын зөвлөмж боловсруулж, ЗТХТ ТӨҮГ-ийн төв лабораторид нийт 30 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, холбогдох сургалтуудыг явуулсан. Загвар төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай материалын туршилт гүйцэтгэж, үр дүнг нь эрдэм шинжилгээний өгүүллэг болгон нийтлүүлжээ. Мөн хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор зам дээр туршиж, үнэлэх загвар төслийг 2021 онд Налайх-Чойрын замын 101 дэх км-т нийт 850 м авто замд гүйцэтгэжээ. 2022 онд нийслэлд загвар төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.
Эх сурвалж: ЗТХЯ