/2022.03.14/ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс бүтэн динозаврын ясыг хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан тухай дуудлага мэдээллийг тус аймгийн иргэнээс цагдаагийн байгууллагад мэдээлэл иржээ.
Өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар нь бүлэглэн палеонтологийн олдвор болох бүтэн Динозаврын ясыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоожээ.
Уг динозаврын ясанд Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар тус олдвор нь хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.
Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй, үргэлжлүүлэн шинжилгээ хийж байгаа аж. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Тиймээс иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж соёлын өвийн олдворын хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.