/2022.03.14/: Өнөөдөр ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэд Засгийн газрын ордныг тойрон тайван жагсаал зохион байгуулж байна.
Тэд Засгийн газар иргэдэд ачаа, тээврийн жолооч нар үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа мэт буруу ойлголт төрүүлж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Мөн чингэлэгт тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш ихэнх жолооч нар ажилгүй болж, орлого нь зогссон тухай ярьж яаралтай ачаа тээврийг хэвийн горимд шилжүүлэхийг шаардаж байна.
Жагсагчдын төлөөлөл Б.Ууганбаяр:
Өнөөдөр нийгэмд тулгамдсан асуудлын нэг нь хилийн бүсэд ажиллаж амьдардаг иргэдийн асуудал байна. Замын -Үүд, Цагаан хад, Гашуун сухайт гэх мэт хилийн боомтуудын жолооч тээвэрчид өөрсдөө нэгдэн нийлээд тэмцэл хийж байна. Яагаад гэвэл Замын-Үүд боомтын 5 мянга гаруй тээвэрчид ажлын байргүй болсон асуудал.
Үүн дээрээс нэмээд иргэдийг хооронд нь хагаралдуулж байна. Тэр нь юу вэ гэвэл үнийн хөөрөгдлийг тээвэрчид үүсгэж байна гэсэн ойлголтыг иргэдэд өгч байна. Энэ нь цаанаа Хятад талаасаа ч юм уу дунд нь зуучлагчид будлиан хутгаж байгааг төр өөрөө сайтар судлалгүй өөрсдийн чингэлэгт тээвэр гэх ажлыг эхлүүлснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж маш олон асуудлууд үүсэж байна.
Чингэлэгт тээврээр хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоог тээвэрлэснээс шалтгаалж муудах, хөлдөх эрсдэлүүд үүсдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг зориулалтын дагуу тээвэрлэдэг хөргөгчтэй автомашинууд ажилгүй зогсоход хүрлээ. Энэ бүхнийг шийдэхгүй байж иргэдийнхээ эсрэг буруу шийдвэр гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайд болон шадар сайдад тавьсан шаардлагын хариуг хүлээгээд зогсож байна. Мөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр дуусах байсан чингэлэгт тээврийг зогсоох шийдвэрээ сунгаж зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасныг эсэргүүцэж байна.
Өнөөдөр та бүгд ямар шалтгааны улмаас энэхүү жагсаалыг зохион байгуулж байна вэ гэхэд жагсагчдын төлөөлөл н.Сэргэлэн:
Засгийн газар Чингэлэгт тээвэр гэсэн нэрийн дор тээврээр голоо зогоодог жолооч нарын хоолыг булааж улсын төсвөөс их мөнгө идэж байна. Хоёр улсын хилийн дундах тэг цэгээс бараа бүтээгдэхүүнийг үнэгүй оруулж байгаа гэж яриад байгаа. Үнэгүй оруулж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Нэг чингэлэг ачааг 60-70 саяаар оруулж ирж байгаа. Бид өнгөрсөн зун 20 сая төгрөгөөр ачиж байсан. Гэхдээ одоо тэр хэмжээнээс бага хэмжээгээр ачиж байж 3 дахин өндөр үнээр ачиж байна.
-Та бүгдийн зүгээс энэхүү жагсаалаараа тавьж байгаа шаардлага юу байна?
-Чингэлэгт тээврийг зогсоож ачаа тээврийг хэвийн горимоор нэвтрүүлэхийг шаардаж байна. Чингэлэгт тээврийг эхлүүлснээс хойш зургаан сар гэртээ байлаа. Зээлтэй болон зээлээр авсан автомашинтай жолооч нар хэцүүдэж байна гэлээ.
ЧИНГЭЛЭГТ ТЭЭВЭР ГЭЖ ЮУ ВЭ, ЯМАР АШИГТАЙ ВЭ?
МУ-ын Засгийн газраас нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг өнгөрөгч намар байгуулсан юм.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомт дах чингэлэг тээврийн терминал нь нийт 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу 259200 тонн нүүрсний багтаамжтай. Жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай томоохон бүтээн байгуулалт юм. Тус гаалийн хяналтын бүс нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой нийт өдрийн ачаа эргэлт 27 мянган тонн нүүрс байхаар төлөвлөгдсөн.
Чингэлэгт тээврийн жолооч нар биет харилцаа үүсгэлгүй, жолооч тээврийн хэрэгслээсээ буухгүйгээр нүүрсээ ачиж ухаалаг гарцаар орох, гарах үед цахим бүртгэл хийгдэнэ. Ингэснээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай юм.