Z тэмдэг гэж юу вэ?
Шинжээчид болон цэргийн шинжээчид анх хоёрдугаар сарын 19-нд Украины хил дээр бөөгнөрсөн Оросын танк, цэргийн ачааны машинууд дээр гараар зурсан нууцлаг Z үсгийн олж харсан ба барууны шинжээчдийн дунд энэ тэмдэг ямар утгатай болохыг таамаглахад хүргэжээ.
ОХУ-ын довтолгоо эхлэх үед цэргийн техник хэрэгсэл дээр “Z” үсэг бичсэн байсан ба мөн “О, Х, А, V” зэрэг бусад үсгүүд мөн байжээ. Техник хэрэгсэл дээр харагдах үсгүүд нь ихэвчлэн дөрвөлжин, гурвалжин болон бусад будсан дүрсээр хүрээлэгдсэн байв. Оросын крилл цагаан толгойд Z үсэг байдаггүй.
Цэргийн мэргэжилтнүүдийн тэмдэгтийг тайлбарлаж буй хамгийн алдартай онол бол тэдгээрийг Оросын цэргүүд ихэвчлэн аль бүс нутагт байрлаж байгаа илэрхийлсэн гэж үзсэн бөгөөд Z нь Запад (баруун) гэсэн утгатай байж магадгүй юм.
Бусад хүмүүс “найрсаг” галын цохилтоос зайлсхийхийн тулд эдгээр үсгийг зурсан гэж үзэж байгаа бол Кремлийг дэмжигч, Оросын цэргийн зарим мэргэжилтнүүд Z үсэг нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэрийг, V үсэг нь Владимир Путины нэрийг илэрхийлж байна гэж таамаглажээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өөрөө ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд оронд нь Z гэдэг нь За победу (“ялалтын төлөө”), V нь “үнэний хүч” гэсэн утгатай болохыг өөрийн Instagram хуудсандаа нийтэлжээ.
Сүүлийн хоёр долоо хоногт Z үсэг нь Оросын Украин руу довтлох дэмжлэгийн гол бэлгэдэл болсон байна.
Түрэмгийлснээс гуравхан хоногийн дараа Кремлийн санхүүжилттэй төрийн сүлжээ RT олон нийтийн мэдээллийн сувгуудаараа Оросын цэргүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор футболк, юүдэнтэй цамц зэрэг дээр Z үсэгтэй барааг зарж байгаагаа зарлажээ. Түүнээс хойш эрх баригчид улс орон даяар тоо томшгүй олон флэшмоб зохион байгуулж, орос залуус Z үсэгтэй цамц өмсөж, дайныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн Z үсгийг ЗХУ-ын үеийн томоохон орон сууцны хорооллын ханан дээр будаж, гудамжны сурталчилгааны самбар дээр байрлуулсан байна.
Хэд хэдэн сургуулиуд мөн Z хэлбэрээр зогсож буй хүүхдүүдийн зургийг нийтэлсэн байна. Ням гарагаас хойш цахим ертөнцөөр тархсан нэгэн зураг өмнөд хэсгийн Казань хотын хосписын эдгэршгүй өвчтэй хүүхдүүд Украины түрэмгийллийг дэмжих зорилгоор Z үсэг зурж байгааг харуулсан байна.
Дайныг дэмжиж байгаагаа харуулахыг хүссэн албаны хүмүүс бүс нутгийнхаа нэр дээр уг үсгийг оруулахаа амласан ба Кемерово мужийн тэргүүн Сергей Цивилев тус бүс нутгийн нэрийг өөрчилж, Z үсгийг тус бүс нутагт нэмж оруулахаар шийдсэн бөгөөд одоо КуЗбасс гэж бүртгэгдэж магадгүй тухай мэдэгджээ.
Энэ тэмдэг нь ОХУ-аас бусад газарт ч тодорхой хэмжээгээр харагдах болжээ. Баасан гарагт ОХУ-ын туг далбаагаа мандуулж, Z үсэг барьсан олон мянган сербүүд Белград хотоор дамжин ОХУ-ын элчин сайдын яам руу явж, Украиныг эзлэн түрэмгийлсэн ч Москвад олон нийтийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэв. Мөн бямба гаригт ОХУ-ын гимнастикч Иван Куляк Доха-д болсон гимнастикийн дэлхийн цомын тэмцээний алтан медальт Украины Ковтун Иллиагийн хажууд зогсож байхдаа Z үсэг зүүсэн байжээ.
Москваг тойрон алхаж явахдаа Z үсгээр будсан машинуудыг хааяа олж харах хэдий ч ОХУ-ын хүн амын дунд өргөн тархаагүй байна.
Орос улс цэргийнхээ дэмжлэгийг авахын тулд тодорхой тэмдгийг сурталчилж ирсэн түүхтэй. Крымийг өөртөө нэгтгэх үеэр ОХУ Гэгээн Жоржийн улбар шар, хар судалтай туузыг ашигласан. Одоо энэ тууз нь ОХУ-ын засгийн газар, цэргийнхэнд олон нийтийн дэмжлэг үзүүлж байгааг харуулах нэг арга болсон ба тус улсад өргөн дэлгэрчээ.
Харин зарим оросууд Z үсгийг шоглож ням гарагт болсон Украин руу довтлохыг эсэргүүцсэн жагсаалын үеэр зарим жагсагчид Зачем (Юуны төлөө?) гэсэн бичиг барьсан байхыг харжээ.
Эх сурвалж: Guardian