/2022.2.28/ Украины Ерөнхийлөгч В.Зеленський ард түмэндээ болон дэлхий нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Энэ талаар The Kyiv Independent сайтынхан мэдээлсэн юм.
Зеленський "Одоогоор оросын 4500 цэрэг амь үрэгдээд байна. Та нар яах гэж наашаа ирэв дээ? Оросын цэргүүд та бүхэн зэвсгээ хая, амь насаа хамгаал. Өөрийнхөө удирдагч нарт битгий итгэ, "тархи угаагч" нарт ч бүү итгэ" гэв.
Мөн Европын холбооны улс орнуудын удирдагч нарт хандан "Үүсээд буй шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсыг тусгай журмын дагуу нэн даруй элсүүлэхийг хүсье" гэлээ.
Оросуудын хүлээгээд буй хохирлын талаар дараах тоо баримтыг хоёрдугаар сарын 28-ны байдлаар Украины Батлан хамгаалах яамны зүгээс гаргаж байна. Үүнд:
- 5300 цэрэг амиа алдсан
- 29 онгоц
- 29 нисдэг тэрэг
- 191 танк
- 74 их бууны хэсэг
- 816 өөрөө явагч
- 291 автомашин
- 60 түлш ачигч түлштэй машин
- 3 дрон
- 5 пуужин эсэргүүцэгч
Эх сурвалж: The Kyiv Independent