/2022.02.22/ Украины Ерөнхийлөгч Зеленский ард түмэндээ хандаж хэлсэн үг бүрэн эхээрээ:
“Эрхэм иргэдээ. Бидэнд болон манай төрд түүхийн талаар удаан лекц сонсох зав алга. Би өнгөрсөн зүйлийн талаар ярихгүй. Би өнөөгийн бодит байдал, ирээдүйн талаар ярих болно. Украйн улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил дотроо байгаа бөгөөд энэ хэвээр орших болно. ОХУ-ын аливаа мэдэгдэл, үйлдлийг үл харгалзан бид тайван, өөртөө итгэлтэй хэвээр байна. Үүний төлөө нийт иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна.
Украинчууд ухаантай, ухаалаг ард түмэн гэдгийг та бүхэн дахин нотолж байна. Болж буй үйл явдлаас үл хамааран бид асуудалд сийрэг толгойгоор, тайван хариу үйлдэж, насанд хүрсэн улс шиг болгоомжтой хандацгаах болно. Юу ч болсон бид бэлэн байна. Та бүхэн нойроо бүү хугаслаарай.
Өнөө орой бид Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлөө хуралдууллаа. Украин ОХУ-ын сүүлийн үеийн үйлдлийг манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан гэж үзэж байна.
Эдгээр шийдвэрийн бүх хариуцлагыг Оросын улс төрийн лидерүүд хүлээнэ. Донецк, Луганск мужуудын эзлэгдсэн бүс нутгуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь Минскийн хэлэлцээрээс Орос нэг талдаа гарч, Нормандын форматын шийдвэрийг үл тоомсорлож байна гэсэн үг.
Энэ нь энх тайвны төлөөхи хүчин чармайлт бүрийг сулруулж, одоо байгаа хэлэлцээрийн форматыг устгалаа. Өнөөдрийн, магадгүй маргаашийн шийдвэрүүдээр Орос улс 2014 оноос хойш Донбассын эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа цэргүүдийнхээ үйлдлийг хууль ёсны болгож албажуулж байна. 8 жил дайныг өдөөсөн улс өөрсдийнхөө хэлж байгаа шиг энх тайвныг хадгалж чадахгүй.
Би Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Шольц, АНУ-ын Ерөнхийлөгч Байден, Их Британийн Ерөнхий сайд Жонсон, Европын зөвлөлийн дарга Мишель нартай нөхцөл байдлын талаар ярилцсан. Мөн Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай ярилцах бодолтой байгаа. Дараа нь юу болох вэ? Бид энх тайвныг хүсч байна. Бидний үйлдлүүд үүнийг нотолно.
Өнөөдөр манай Гадаад харилцааны яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад Будапештийн меморандумын үндсэн дээр нэн даруй зөвлөлдөх хүсэлтээ илгээлээ. Миний бие НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/ ээлжит бус хуралдаан хийхийг санал болголоо. Бид ЕАБХАБ-ыг өдөөн хатгалга, цаашлаад хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэхийг хүслээ. Нормандын дээд хэмжээний уулзалтыг яаралтай зарлан хуралдуулах санаачилгыг мөн гаргаад байна.
Бидний түншүүд тодорхой бөгөөд үр дүнтэй алхмуудыг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Одоо бид хэн бидний үнэнч нөхөр, хамтрагч вэ, хэн нь ОХУ-ыг үгээр айлгасаар байх вэ гэдгийг харах чухал цаг мөч. Бид улс төр, дипломат арга барилыг баримталж, аливаа өдөөн хатгалгад түргэн автахгүй. Манай хил найдвартай хамгаалагдсан. Нутаг дэвсгэрийн хамгаалалтын системийг бид байгуулсан. Түншүүд маань биднийг дэмжинэ.
НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Украин дангаараа болон хамтын хүчээр өөрийгөө хамгаалах эрхтэй. Бид түрэмгийлэгчийн цэргүүдийн өдөөн хатгалга ба довтолгоо хоёрыг ялгаж чадна.
Үнэн бидний талд байна. Бид чамаас хэзээ ч үнэнийг нуухгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөхийг хармагцаа эрсдэл нэмэгдэж байгааг олж хармагцаа та бүхэнд мэдээлэх болно. Одоогоор эмх замбараагүй үйлдэл хийх шалтгаан алга. Цаашид ч тийм байлгахын тулд бид бүхнийг хийх болно.
Бид энх тайван, дипломат замыг тууштай баримталсаар байх болно. Бид газар нутаг дээрээ байна. Бид хэнээс ч, юунаас ч айхгүй. Бид хэнд ч, юунд ч өргүй ба хэнд ч юу ч өгөхгүй. Би үүнд итгэлтэй байна. Яагаад гэвэл өнөөдөр 2014 оны 2 сар биш 2022 оны 2 дугаар сар. Манай улс өөрчлөгдсөн. Арми маань өөрчлөгдсөн. Цорын ганц зорилго бол энх тайван Украин.
Украин улс мандан бадраг.
Орчуулсан: Э.Лхагва