Орон сууцны айл өрхийн усны төлбөр литр тутамд 50 хувь нэмэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны айл өрхийн усны төлбөр литр тутамд 50 хувь нэмэгдсэн

/2022.02.15/ Орон сууцны айл өрхийн цэвэр, бохир усны төлбөрийг улсаас даагаад бүтэн нэг жил болсон. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн усны төлбөрийг тооцож эхлэхтэй зэрэгцээд тус төлбөр нэмэгджээ. Нэг жил усны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид цахим орчинд гарсан төлбөртөө эргэлзэн, усны үнэ хэтэрхий их нэмэгдэж байна гэх зэрэг янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа юм.

Орон сууцны айл өрхийн хувьд:

  • 1 литр цэвэр ус 71 мөнгө байсан бол 36 мөнгөөр нэмэгдэж 1 төгрөг 7 мөнгө
  • 1 литр бохир ус 58 мөнгө байсан бол 29 мөнгөөр нэмэгдэж 87 мөнгө болжээ. /НӨАТ-гүй дүн/

Гэр хорооллын гүний худагт усны үнэ 1 литр нь 1 төгрөг байсан бол энэ дүн нэг дахин нэмэгдэж 2 төгрөг болсон байна.

Бид усны хэрэглээ, үнэ тарифын талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үнэ тариф, судалгааны газрын дарга С.Нямдаваагаас дараах мэдээллийг тодрууллаа.

-Усны төлбөр өндөр гарсан гэх асуудлаар иргэд танай байгууллагад ханддаг уу, тийм бол ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хэрэглээ нь тоолуурын заалтаас зөрөөд байна, тухайн контор, УСУГ нь батлагдсан тарифаас өөр дүнгээр бодоод байна гэх мэт асуудлаар ихэвчлэн ханддаг. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголт байдгаас хамаарч дээрх асуудлаар хандсан байдаг. Манай зүгээс газар дээр нь очиж шалгалт хийж шийдвэрлэдэг.

-Орон сууцны айл өрхийн байрны төлбөрийн нэхэмжлэх дээр ус халаасны төлбөр, цэвэр болон бохир ус, ванны халуун ус зэрэг хэрэглээнд төлбөр бодогдсон байдаг. Энэ нь юугаараа ялгаатай байдаг вэ?
-Иргэд ихэвчлэн хүйтэн усыг л цэвэр ус гэх ойлголттой байдаг. Гэтэл халуун ус ч гэсэн цэвэр ус байдаг. Тухайн цэвэр усыг халааж дамжуулсан эрчим хүчний төлбөрийг “ус халаасны төлбөр” хэсэгт нэхэмжилдэг. Бохир ус гэдэг нь тухайн айлын хэрэглэсэн усыг гадагш дамжуулах үйлчилгээ үзүүлсний төлбөр юм.

-Нэгдүгээр сарын усны төлбөрийг хэт өндөр гарсан гэж иргэд цахим орчинд нийтэлж байна. Энэ нь усны төлбөрийг нэмсэнтэй холбоотой юу?
-Усны төлбөр өндөр гараад байна, өмнө нь 20 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 50 мянган төгрөг төлж байна зэрэг яриа газар авч байна. Бид энэ талаар судалж үзэхэд, дундаж хэрэглээтэй айлын төлбөр хамгийн ихдээ 10 мянган төгрөгөөр л нэмэгдэхээр байсан. Гол нь тухайн айлын хэрэглээнээс шалтгаалах юм. Ковидын үед зуршил болсон гараа байнга угаах, ариун цэврээ сахих зэрэг үйлдэл нь өндөр төлбөр гарахад нь нөлөөлсөн байж болно. Усны үнэ нэмэгдсэн нь усны төлбөрийг нэг, хоёр дахин өндөр гаргах шалтгаан болохгүй гэсэн үг.

-Усны төлбөрийг ямар шалтгааны улмаас нэмсэн бэ? 2021 онд усны мөнгийг төрөөс даасан, инфляци, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нөлөөлөв үү?
-Манай салбарын хувьд зардлаа нөхөх боломжгүй нөхцөлд байдаг. Бид жил бүр усны төлбөрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлаа нөхөх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэдээ алдагдал үүрүүлэхгүй байх зэрэгт анхаардаг.

Нөгөө талаас хэрэглэгчийн төлбөрийн чадвар гэж асуудал байгаа учраас гаргаж байгаа зардлаа бүрэн хэмжээнд нөхөх боломжгүй байдаг. Байнгын алдагдалтай ажилладаг салбар.

Усны үнийн одоогийн нэмэгдлийг 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч төрөөс даахаар болсон учраас 2021 онд тэр чигтээ хуучин тарифаараа тооцсон гэсэн үг.

-2020 оны мөн үетэй харьцуулахад орон сууцны иргэдийн усны хэрэглээнд өөрчлөлт орсон уу?
-Коронавирус гарсан цагаас хойш иргэд хувийн ариун цэврээ сайтар сахих болж, ЭМЯ-аас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагах болсон. Дээрээс нь өнгөрсөн жил усны төлбөрийг төр дааж байсан. Эдгээр шалтгааны улмаас айл өрхийн усны хэрэглээ дунджаар 20-25 хувь өссөн. Энэ зөвхөн манай улсад гэлтгүй, дэлхий дахинд коронавирусээс шалтгаалан усны хэрэглээ 20 хувь ихэссэн талаар судалгаа гарсан.

- Баярлалаа.

Нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
Нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.