/2022.01.26/ Манай улсад 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин тариагүй байна. Тиймээс бага насны хүүхдүүд, 0-5 насныхан халдварт өртөх, хүндрэх эрсдэл өндөр байгаа юм.
Тиймээс Омикроны хүүхдэд илрэх шинж тэмдэг, ямар үед эмнэлэгт хандах талаарх ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаагийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
ХҮҮХДЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Омикроны хувьд хүүхдэд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь янз бүр байна.
Таваас дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийнхтэй төстэй дараах шинж тэмдгүүд илэрч байна. Үүнд:
- Нусгайрах
- Хоолой өвдөх
- Үнэр мэдрэхгүй болох
- Ядрах
Таваас доош насны хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдгүүдээр илэрч байна.
ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМНЭЛЭГТ ХАНДАХ ВЭ?
Бага насны хүүхдийн амьсгалын дээд зам нь богинохон, насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад нарийхан байдаг. Тиймээс бага зэргийн үрэвсэхэд амьсгалын хямрал болох нь элбэг. Тиймээс эцэг эхчүүд 2-оос доош насны хүүхэд халуурах, тайван биш болох, хоолой нь сөөнгөтөх, хуцуулж ханиах, халуунгүй үедээ амьсгаадах, хяхтнаж амьсгалах, алсаас амьсгал нь дуугарч сонсогдох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн байгууллагат яаралтай хандах шаардлагатай.
0-2 сартай буюу нярай хүүхдийн хувьд эмнэлзүйн шинж тэмдэг нь унтаарах, халуурах гэсэн шинжээр илэрч байна.