/2021.08.02/
Улсын их дэлгүүр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан зарлалаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлаар хуулийн маргаантай явж ирсэн компанийн хурал анхаарлын төвд байна. 45 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар СЗХ-оос 2015 оноос эхлэн шүүхэд хандаад байгаа ч асуудал нааштай шийдэгдээгүй байгаа юм.
Компанийн тухай хуульд зааснаар Сонирхлын зөрчилтэй болон Их хэмжээний хэлцлийг заавал хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг. Улсын их дэлгүүр (UID) хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар "Номин Реалтор" ХХК-тай холбоотой сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний 2 хэлцлийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн Хаан банкнаас бага хүүтэй зээл авахтай холбоотойгоор Улсын их дэлгүүрийн барилгыг гуравдагч этгээдэд барьцаалуулах эрхийг “Номин Холдинг” ХХК-д олгох талаар шийдвэр гаргана.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосоор ирсэн асуудлаар зарим эдийн засагч Д.Ангар тус компанийг шүүхэд өгч байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байгаа юм. Хэрвээ та тус компанийн хувьцаа эзэмшигч бол хуралд оролцох бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхлэх бөгөөд ээлжит бус хурал ирэх 9-р сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.