/2021.08.02/: Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт ням гарагт Оман эргийн ойролцоох нефтийн хөлөг онгоц руу халдсан гэж Ираныг буруутгав. Тегеран энэ мэдэгдлийг няцааж байна.
Пүрэв гарагийн орой Их Британийн "Zodiac Maritime" фирмийн удирддаг Мерсер Стрит хөлөг онгоц руу нисгэгчгүй онгоц дайрсны улсаас Румын болон Их Британийн хоёр иргэн амиа алджээ. Zodiac-ийн дарга нь Израилийн нэрт тэрбумтан Эйял Офер юм.
Израилийн Ерөнхий сайд "Энэхүү дайралтыг нотлох баримтууд байгаа бөгөөд Иран улс ноцтой алдаа хийсэн болохыг олон улсын хамтын нийгэмлэг ойлгуулна гэж найдаж байна." мэдэгджээ.
Их Британи энэ хэрэгт Тегераныг мөн буруутгажээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ням гарагт хэлэхдээ: "Энэхүү халдлагыг Иран улс зориудаар, санаатайгаар онилсон ба олон улсын хуулийг илт зөрчсөн гэж бид үзэж байна." гэв. Рааб олон улсын түншүүдтэйгээ хамтарч хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа хэлэв.
Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид энэ халдлагын талаар арга хэмжээ авахыг НҮБ-д уриалсан байна. "Иран бол зөвхөн Израилийн асуудал биш бөгөөд терроризм, сүйрэл, тогтворгүй байдлыг экспортлогч ба бүгдэд хор уршиг авчирдаг гэж Лапид мэдэгдэлдээ дурджээ.
Лапид өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй халдлагын талаар ярьсан байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин газрын тосны танкерт нисгэгчгүй онгоц цохилт өгсөн гэж үзсэн байна. Иран Израилийн мэдэгдэлийг үндэслэлгүй гэж нэрлэсэн ба Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Саид Хатибзаде энэ мэдэгдлийг ням гарагт няцаажээ.
Хатибзаде хэлэхдээ: "Үндэслэлгүй буруутгалаа зогсоох ёстой бөгөөд энэ нь тэдний хувьд анх удаа Иран улсыг буруутгаж байгаа хэрэг биш юм” гэжээ. Ираны төрийн мэдлийн "Al-Alam" вэб сайт баасан гаригт мэдээлснээр энэ халдлага нь саяхан Израилийн Сирид хийсэн дайралтын хариу байсан гэжээ.
Либерийн далбаатай танкер нь Танзани улсын Дар-эс-Саламаас АНЭУ-ын Фужайра руу явж байсан бөгөөд усан онгоцонд ачаа тээш байгаагүй байна. Далайн аюулгүй байдлын Dryad Global компани энэ дайралт нь хоёрдугаар сараас хойш Израильтай холбоотой усан онгоц руу хийж байгаа тав дахь халдлага гэж мэдэгдэв.
Израиль болон Иран улсууд сүүлийн саруудад бие биенийхээ хөлөг онгоц руу цохилт өгөх болсон гэж харилцан буруутгаж байсан. Хамгийн сүүлийн хэрэг Тегеран болон дэлхийн гүрнүүд 2015 оны цөмийн гэрээ, хэлэлцээрийг аврахын тулд уулзалт хийх үеэр бүс нутгийн байдал хурцдах үед гарсан байна.
Израиль энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа бөгөөд Иран улс хориг арга хэмжээгээ багасгасан тохиолдолд цөмийн үйл ажиллагаагаа зогсоох үүрэг хүлээх ёстой гэжээ.
Иран нь Хезболла, Хамас зэрэг Израилийн эсрэг бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг байсан бөгөөд Ираны удирдагчид Израилийн засгийн газрыг хууль бус "сионист дэглэм" гэж байнга нэрлэдэг ажээ
Эх сурвалж: https://www.dw.com/en/