/2022.01.14/: Хятадад Ковид-19 хөл хориог хурдан хугацаанд эхэлүүлсний улмаас нэг эмэгтэй сохор болзоонд явсан эрэгтэйнхээ гэрт гацахад хүргэсэн гэж мэдээлж байна.
Хатагтай Ван гэх эмэгтэй өнгөрсөн долоо хоногт Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр WeChat платформ дээр болзоот залуугийнхаа гэрт хоол идэхээр очсоныхоо дараа хөл хорионд орсон тухай нийтэлсэн байна.
Уг нийтлэлд тэрээр сар шинийн баярыг угтан саяхан Гуанжоугаас Жэнжоу хотод буцаж ирсэн тухайгаа дурдаад тэрээр "Би нэлээд хөгширч байгаа тул эцэг эх маань надад 10 гаруй удаа сохор болзоо зохион байгуулсан" гэж бичжээ. Тэрээр тав дахь болзоондоо "хоол сайн хийдэг залуу таарсан бөгөөд хоол хийж өгөхийн тулд намайг гэртээ урьсан" гэж бичжээ.
Тэднийг хооллож байх үеэр Ковид-19-ийн улмаас түргэн хугацаанд хөл хорио тогтоосон ба хэд хоногийн турш гэрээс нь гарч чадахгүй болсныг олж мэджээ.
Хатагтай Ванг ням гарагт хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө болзсон хүнийхээ гэрт дөрөв хоног гацсан бөгөөд нөхцөл байдал тийм ч тохиромжтой биш байгаа гэж мэдэгджээ.
Тэр "тэр нэг их ярьдаггүй хүн байна" гэж нэмж хэлжээ.
Тэрээр одоо болзоот залуугийнхаа гэрт нь гацсан хэвээр байгаа эсэх нь тодорхойгүй байна. Сүүлийн өдрүүдэд Жэнжоу хотод Ковид-19-ийн тохиолдол нэмэгдсээр байна.
Өнгөрсөн долоо хоногт Жэнжоу хотод Ковид-19-ийн 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Global Times сонин мэдээлэв.
Мягмар гарагт тус хотод бизнесүүдийг хаахыг тушаасан бөгөөд хотын 12.6 сая оршин суугчийг хэн нэг нь Ковид-19-ийн "далд тээгч" байгаа эсэхийг мэдэх зорилгоор Ковид-19-ийн шинжилгээ хийж байгаа ажээ.
Хятад Улс Ковид-19-ийг тэглэх бодлого баримталдаг бөгөөд энэ нь вирусын тохиолдол илэрсэн тохиолдолд олон нийтийн хөл хориог маш хурдан бөгөөд тогтмол хийдэг гэсэн үг юм.
Хатагтай Ван бол сүүлийн хэдэн долоо хоногт хөл хорио тогтоох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байхад санамсаргүй байдлаар хоригдсон цорын ганц хүн биш юм.
Өнгөрсөн сард нэгэн эр хойд нутгийн Сиань хотод байшингаасаа нүүж байх үеэрээ хөл хорионд орсон байдаг.
Тэрээр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ машинаасаа ачаа тээшээ авч дуусгахыг ч зөвшөөрөөгүй тул хөршүүдээсээ хөнжил зээлэх эсэхийг асуухаас өөр аргагүй болсон гэжээ.
Эх сурвалж: BBC