/2021.07.30/ Шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр өссөний улмаас өглөөнөөс эхлэн иргэд цахим орчинд дургүйцлээ илэрхийлж байна. Үүнийг дагаад хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн өсдөг. Тиймээс бензиний үнэ өснө гэдэг зөвхөн авто машинтай иргэдэд хамаарах асуудал биш юм.
Тэгвэл энэ тал дээр иргэдийн байр суурь ямар байгааг тодруулахаар шатахуун түгээх станцыг зорьлоо. Биднийг очиход “Петровис ХХК”, “Сод Монгол ХХК” зэрэг ШТС-үүд үйлчлүүлэгч багатай байв. Хааяа нэг хүн орж ирэх боловч бухимдалтай байгаагаа хэлж байв.
“Петровис ХХК”-аар үйлчлүүлж буй иргэн: “Би халтуур хийж өдрийн хоолны мөнгөө олдог. Надтай адилхан таксинд явж ар гэрээ тэжээдэг маш олон хүн байгаа. Гэтэл ингэж явж олсон хэдэн төгрөгөө бензиндээ өгөөд байхаар цаашид яаж амьдрах вэ. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бид нар ч гэсэн км тутмынхаа үнийг нэмэх шаардлагатай болж байна. Хүмүүс ч гэсэн үүнд бухимдаж заримтай нь ам муруйх тохиолдол гарч байна. Иргэдийн амьдрал маш хэцүү байгаа шүү дээ” гэсэн юм.
Шатахууны үнээ нэмж амжаагүй зарим ШТС-ын гадаа машин ихээр овоорсон харагдаж байлаа. Тухайн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж буй иргэнтэй ярилцахад, “Ямар үндэслэлтэйгээр шатахуун нэмснийг огтхон ч ойлгохгүй байна. Таксигаар үйлчлүүлэхэд км нь 2000 төгрөг болтлоо нэмэгдсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэж замбараагүй өсч байна. Хэрэв шатахууны үнийг ингэж ойр ойрхон огцом нэмэх байсан бол анхнаасаа бууруулахгүй байсан нь дээр байсан юм. Дээд шатны байгууллагууд иргэдийнхээ амьдралыг бодмоор байна” гэв.
Харин шатахуун түгээх станцын түгээгчтэй ярилцахад “Иргэд шатахууны үнэ нэмэгдсэнийг сонсоод их бухимдаж байна. Гэхдээ бид нар үнийг нь нэмээгүй шүү дээ. Зарим үйлчлүүлэгчид үнэ нэмэгдсэнийг мэдэхгүй орж ирээд авахгүй буцаж байна” гэлээ.