ТҮЙМЭР | БНСУ-ын тал Мобикомыг Хятадад учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай гэв
 

ТҮЙМЭР | БНСУ-ын тал Мобикомыг Хятадад учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай гэв

Нөмрөгийн дархан цаазат газар гарсан хээрийн түймэртэй холбоотой асуудал дан ганц Монгол-Японы талыг хамарсан асуудал байхаа хэдийнэ больж, үүнд Өмнөд Солонгос болон Хятадын тал өөр өөрсдийн байр суурийг илэрхийлээд байна.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Нөмрөгийн дархан цаазат газар гарсан хээрийн түймэртэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хөндөн мэдээлжээ. Уг мэдээллийг сийрүүлбэл,

SBS: "Мобиком Хятадын талд учруулсан хохирлынхоо талаар дурдсангүй"

Тус улсын томоохон телевиз болох SBS телевизээр "Тусгай хамгаалалттай бүс нутгийн 80 орчим хувь нь шатсаны дараа галыг бүрэн унтраажээ. Энэхүү түймэрт Японы компани буруутай" хэмээх шүүмжилсэн утга бүхий мэдээлэл цацагдсан байх бөгөөд "Түймэр Хятадын Өвөр Монголын өөртөө засах оронтой хил залгаа бүсэд гарсан тул Хятадын тал хилийн дагуух ойролцоогоор 330 км хэсэгт 3,400 хүнийг дайчилж, галын хамгаалалтын зурвас байгуулан ажилласан" тухай мөн дурдсан байна. Үүгээр ч зогсохгүй Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Японыг ширүүн шүүмжилж, Мобиком компани Хятадад үзүүлэх нөлөөллийн талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй гэдгийг онцолсон байна.

Хятадын тал уг хэрэгт холбогдсон Японы компаниуд болон албан тушаалтнууд Хятадаас уучлалт гуйх ёстой гэж үзэж, Хятад улс галыг хил рүү тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бараг долоо хоногийн турш өдөр шөнөгүй ажилласан зэрэг асар их зардал гаргасан тухай мөн дурджээ.

YTN: “Монголын уудам талд гарсан томоохон түймэр: Хууль бус загасчлал хийх гэж яваад осол гаргасан япончууд”

Харин энэхүү үйл явдлын талаар YTN “Монголын уудам талд гарсан томоохон түймэр: хууль бус загасчлал хийх гэж яваад осол гаргасан япончууд” хэмээх гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээлэлд Мобикомын япон удирдлагууд хамгаалалтын бүсэд хууль бус ан, загасчлал хийж байх үед осол гарсан байж болзошгүй гэх хардлагын талаар дурдаад хамгаалалттай бүсэд хэрхэн нэвтэрсэн болох, мөн нэвтэрсэн шалтгааныг тодруулах шаардлагатай болохыг онцолсон байна.

Seoul Shinmun: "Япончууд Монгол дахь хамгийн том хэмжээний тал хээрийн түймэр тавив"

Тус сонинд Японы талын хариуцлагагүй байдлын талаар шүүмжлэлтэй нийтлэл бичжээ. Уг нийтлэлд "Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл авсан байлаа ч дархан цаазат газрын тусгай хамгаалалттай хэсэгт зорчих эрх автоматаар үүсэх үү? Одоогийн байдлаар хохирлын хэмжээг яг таг тогтоож чадаагүй байгаа ч Дорнод аймгийн Засаг дарга байгалийн нөөц газрын 80% нь шатсан гэж мэдэгдэв. Энэ нь Сөүлээс бараг найм дахин том газар нутаг гэсэн үг.

Өвөрмонголын тал хиймэл борооны онгоц, пуужин хүртэл дайчилж, гал тархах үед хамгаалалттай бүсэд байсан бор баавгай, бор гөрөөс, зэрлэг гахай, халиу зэрэг амьтад хилд ойртон ирэхэд амьтдыг дотогш нэвтрүүлэх гарц нээн ажилласан.

Тус улсад эрх баригчид болон гадаадын корпорацийн удирдлагууд олон нийт хүрэх боломжгүй хамгаалалттай газрыг тоглоомын талбай мэт харьцсанаар энэхүү эмгэнэлт явдлыг үүсгэсэн гэх шүүмжлэл газар аваад байна" хэмээн бичсэн байх аж.

Одоогийн байдлаар Мобиком корпорацийн толгой компани болох KDDI уучлалт хүсэж, монголын талд гарсан хохирлыг барагдуулна хэмээгээд буй бол тус улсын Засгийн газар энэхүү асуудалд хариуцлагатай ажиллана гэдгээ мэдээлээд буй. Гэсэн ч тэд дархан цаазат газар хууль бусаар нэвтэрсэн гэх асуудалдаа одоог хүртэл тайлбар хийгээгүй, мөн хятадын талын хохирлыг барагдуулна гэх амлалт өгөлгүй гэдийсээр байна.

Манай улсад гарсан гал түймэр өмнөд хөршид тархах эрсдэл үүсч, тус улсад багагүй хэмжээний хохирол учирсан талаар манай Засгийн газар ч мөн ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Ж.Сондор

ГХЯ | Сошиалд зургаа тавьсан иргэний НОГООН пасспортын хугацаа ДУУССАН
ГХЯ | Сошиалд зургаа тавьсан иргэний НОГООН пасспортын хугацаа ДУУССАН
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.27
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.27
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.