
Ерөнхий сайд аравдугаар сарын 31-нд Дулааны III болон IV цахилгаан станц болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлын явцыг хянаж, нэмэлт үүрэг өгчээ.
Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1905 МВт ба төвийн бүсийн хэсэгт 1797 МВт байдаг. Үйлдвэрлэлийн зөрүүг ОХУ-аас эрчим хүч импортолж нөхдөг. 2026-2027 оны өвлийн их ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт, шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70МВт-ын ДЦС-аар хангахаар төлөвлөсөн байна.
Энэ үеэр 2026 оны улсын төсвийн тодотголд үнэ тарифын татааст 107 тэрбум төгрөг батлуулсан тул энэ өвөл цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй хэмээжээ.
Мөн “Засгийн газар 2026 онд шийдэх ёстой бүхнийг шийдсэн. Станцуудын үндсэн тоноглолын нэн яаралтай засварт Засгийн газрын нөөцөөс 5.45 тэрбум төгрөг гаргасан. Өнгөрсөн өвөл цахилгаан станцуудын зуух, тоног төхөөрөмжид 158 удаа гэмтэл, саатал гарсан. Сая Дарханы дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл гарлаа. Энэ өвөл ийм нөхцөл байдал дахин давтагдах учиргүй. Анхаарч хичээж ажиллах хэрэгтэй байна. Станцуудаа хэвийн ажиллуулах, иргэдээ тог, дулаанаар тасалдуулахгүй байх нь та бүхний хичээл зүтгэлээс хамаарна. Асуудал байвал шууд хэл. Шийдэх боломжтой бүх асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн сэргээгдэх, нүүрс гээд боломжит бүх хувилбараар эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төсвөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулна. Сэргээгдэхийн анхны аукционаар 400 сая гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.