НАСА-гийн аврах ажиллагаа бүтэлгүйтэж, сансрын дуран дэлхий рүү унаж эхэлжээ
 

НАСА-гийн аврах ажиллагаа бүтэлгүйтэж, сансрын дуран дэлхий рүү унаж эхэлжээ

АНУ-ын Сансрын хүчний таамаглаж буйгаар, НАСА-гийн “Swift” сансрын дуран дэлхийн агаар мандалд орж, ойрын өдрүүдэд дэлхий рүү унах төлөвтэй байна. Түүнийг сансарт тогтоон барих, аврах оролдлого бүтэлгүйтсэний улмаас дуран улам доошилж, дэлхий рүү унах эрсдэл нэмэгджээ.

НАСА-гийн олон жил ашиглагдсан энэхүү сансрын дуран аврах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа тойрог замаа алдаж, дэлхийд улам ойртсоор байгаа аж. АНУ-ын Сансрын хүчний мэдээлснээр “Swift” ажиглалтын төхөөрөмж баасан гарагт эсвэл түүнтэй ойролцоо хугацаанд дэлхийн агаар мандалд орж ирэх төлөвтэй байна.

Нийт 1.5 тонн орчим жинтэй дурангийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж үгүй болно гэж тооцоолжээ. Гэвч хар тугалганаас ч нягт вольфрам материалаар хийсэн зарим эд анги болон толины хэсгүүд агаар мандалд нэвтрэх үеийн өндөр халалтыг тэсэж, дэлхийн гадаргад хүрэх магадлалтай байна. Энэ талаар НАСА-гийн “Swift” төслийн ахлах эрдэмтэн Брэд Сенкогийн мэдээлжээ.

Дэлхийд хүрч болзошгүй үлдэгдэл хэсгүүдийн ихэнх нь далайд унах магадлалтай ч Африк, Австрали, Энэтхэг, Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Америкийн зарим бүс нутаг уг төхөөрөмжийн унах боломжтой бүсэд багтаж байна. АНУ-ын Сансрын хүчин дурангийн тойрог замын өөрчлөлтийг тасралтгүй хянаж байгаа аж.

Орчлон ертөнцийн хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийг судалсан 22 жилийн түүх

“Swift” дурангийн сансарт ажилласан хугацаа дуусаж буйд эрдэмтэд харамсаж байгаа ч түүний 22 жилийн турш хийсэн шинжлэх ухааны нээлт, ажиглалтад талархаж байгаагаа илэрхийлжээ.

Тус дуранг 2004 оны арваннэгдүгээр сарын 20-нд сансарт хөөргөсөн бөгөөд орчлон ертөнц дэх хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг болох гамма-цацрагийн тэсрэлт болон суперноваг судлах зорилготой байв.

Пенсильванийн их сургуулийн одон орон судлаач, “Swift” төслийн удирдлагын багийг ахалж байсан Жон Ноусек:

“Энэ өдөр ирнэ гэдгийг бид ‘Swift’-ийг сансарт хөөргөхөөс ч өмнө мэдэж байсан. Дэлхийн нам тойрог замд байгаа аливаа биетийн хувьд дээш хөөрсөн зүйл эцэстээ буцаж унана. Харин энэ төгсгөл нь сүйрэл дагуулдаг” хэмээн ярьжээ.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд нарны идэвхжил эрс нэмэгдсэн нь “Swift” дурангийн тойрог замаас буух үйл явцыг ердийнхөөс илүү хурдасгасан байна.

Үүний улмаас НАСА жилийн өмнө “Katalyst Space” компанитай гэрээ байгуулж, дуранг аврах яаралтай ажиллагааг эхлүүлжээ. Тус компани “Link” нэртэй, гурван гар бүхий робот төхөөрөмж бүтээсэн байна.

Гэвч уг робот долдугаар сард хөөргөснийхөө дараа техникийн асуудалтай тулгарчээ. Тэрбээр “Swift” дурантай 12-15 километрээс ойр зайд хүрч чадаагүй бөгөөд эцэст нь есдүгээр сард өөрөө дэлхийн агаар мандалд бууж, ажиллагаагаа дуусгасан байна.

Аврах оролдлогыг албан ёсоор зогсоосны дараа “Swift” дуран ажиглалтаа дахин үргэлжлүүлж, гамма-цацрагийн олон шинэ тэсрэлт болон хэт өндөр энергитэй бусад үзэгдлийг бүртгэжээ.

Харин аравдугаар сарын сүүл гэхэд дуран ажиглалт хийхэд шаардлагатай тогтвортой байрлалаа хадгалах боломжгүй хэмжээнд хүртэл доошилсон тул түүний системүүдийг унтраасан байна.

2,000 гаруй гамма-цацрагийн тэсрэлт, 1,400 одны дэлбэрэлтийг илрүүлжээ

“Swift” дуран сансарт ажилласан хугацаандаа нийтдээ:

  • 2,000 гаруй гамма-цацрагийн тэсрэлт;

  • 1,400 орчим дэлбэрч буй одыг илрүүлжээ.

Үүнээс гадна олон тооны сүүлт од, астероид болон ойртож ирсэн оддыг хүчтэй таталцлаараа бутлан сүйтгэдэг хар нүхнүүдийг ажигласан байна.

Тус дурангийн хамгийн онцгой давуу тал нь огторгуйд гэнэт үүссэн дэлбэрэлт, энергийн хүчтэй үзэгдлийн зүг маш хурдан эргэж, чиглэлээ өөрчлөх чадвар байжээ. “Swift” буюу англиар “хурдан” гэсэн нэр нь ч үүнтэй холбоотой юм.

НАСА “Swift”-ийг “Хаббл” болон “Жеймс Уэбб” зэрэг сансрын дурангуудын анхаарлыг татахуйц огторгуйн үзэгдлийг урьдчилан илрүүлж, мэдээлдэг нэг төрлийн шуурхай тандалтын систем гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, “Swift” гэнэтийн үзэгдлийг илрүүлж, дохио өгсний дараа бусад дуран тухайн үзэгдлийг илүү нарийвчлан судлах боломжтой болдог байжээ.

Одоо эрдэмтэд уг дурангийн орон зайг ямар төхөөрөмжөөр нөхөх, ийм төрлийн ажиглалтыг хэрхэн үргэлжлүүлэх талаар судалж байна.

Жон Ноусек цахим шуудангаар өгсөн ярилцлагадаа:

“‘Swift’-ийн амжилтаас олж авсан сургамжийг сансрын судалгааны шинэ үеийн төслүүдэд ашиглаж, орчлон ертөнцийн талаарх нээлтүүдээ улам хурдасгах боломж бүрдэнэ гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: AP news

Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.