
Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр дэгдээд 20 гаруй хоногийн хугацаа ард хоцров. Монгол Улсын Засгийн газар байгалийн үзэсгэлэнт тогтоц, ховор ан амьтад, Монгол Улсынхаа дархан хилийн тэрхүү эмгэнэлт явдалд нэг ч үг дугарахгүй хорь хонов.
Харин Нөмрөг дэх үйл явдалд Хятад улсын засгийн газар түймэрт 3400 алба хаагчаа дайчлан ажилласан. Хил дамнан дэгдсэн энэхүү их хэмжээний түймэрт Хятадын хэвлэлүүд Япон улсыг уучлалт хүсэх ёстой хэмээн шаардаж эхэлсэн нь олон улсын анхаарлын төвд авчрав. Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр Япон улсын засгийн газраас Нөмрөгт дэгдсэн түймэрт эмгэнэл илэрхийлж, уучлалт хүссэн. Мөн түүгээр ч барахгүй учирсан хохирлыг барагдуулахад хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл Нөмрөгт учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Харин үйл явдал Монгол Улсад хэрхэн өрнөв. Олон улсын анхаарлын төвд орсон уг асуудлыг Монголын хэвлэл мэдээлэл ч зогсоо зайгүй мэдээлж, хариуцлага нэхсээр байв. Харин Монгол Улсын Засгийн газар Н.Номтойбаярыг эс тооцвол Н.Учрал тэргүүтэй бусад эрхэм энэ явдалд хариуцлага нэхэх хумсын толионы чинээ үйлдэл хийгээгүй. Ийн Н.Учрал хорь хоногийн дараа анх удаа хил хамгаалах газрын генерал болон холбогдох албан тушаалтнуудыг цуглуулан ээлжит "поп жүжгээ" хийжээ. Хорь хоногийн дараах хожимдсон ухаарал гээч нь энэ үү. Эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяраас улбаатай хэлээ залгисан мэт байв уу. У.Отгонбаяр тухайн багтай хамт байсан нь гэрэл зураг болон хэвлэл мэдээлэлд дурдсанаар нотлогдож байгаа. Иймээс Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг чимээгүй өнгөрөөх гэсэн боловч арга буюу олон улсын анхаарлын төвд орсноор үг дуугарахаас өөр аргаггүйд хүрсэн бололтой. Угтаа бол аливаа асуудалд түүчээлэн хариу арга хэмжээ авч, хариуцлага нэхэх ёстой Засгийн газрын ажил хэдий ч хэн нэр холбогдож, хэний хүү гэдгээс шалтгаалж асуудалд хандаж буй нь үүгээр харагдаж байна.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.