
БНСУ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд 1000 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар болжээ.
Энэ талаар хоёр улсын Засгийн газар хоорондын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны долдугаар хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд уг уулзалт 2026 оны аравдугаар сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотод болсон байна.
Хөтөлбөрийн эхний ээлжинд Монголын зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн өнөөдрөөс эхлэн БНСУ-д дөрвөн долоо хоногийн хугацаатай сургалтад хамрагдах юм. Сургалт нь хавдрын эмчилгээ болон зүрх шилжүүлэн суулгах чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд эмч нарын мэргэшлийг дээшлүүлэхээс гадна олон салбарын эмч нарын хамтарсан багийн ажиллагааг сайжруулахад чиглэжээ.
Мөн БНСУ Монгол Улсын Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Хоёр улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны хүрээнд дижитал эрүүл мэнд, хиймэл оюун ухаанд суурилсан технологи, эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, эмийн хангамжийн тогтолцоог сайжруулах асуудлыг мөн хэлэлцжээ.
Түүнчлэн БНСУ-ын эм, биотехнологийн компаниуд Монгол Улсын эмийн төрийн худалдан авалтад оролцох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хуралдаан нь 2018 оноос хойш завсарлаад байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: The Korea Herald
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.