
Цаг үеийн болоод улс төрчийн үйл ажиллагаа, үзэл баримтлалыг таниулах зорилготой "Шийдвэр гаргагч" булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн П.Наранбаяр уригдлаа.
Бид Австрали шиг экстрийм шийдвэр гаргах нь юу юм
-Таны үндсэн мэргэжил олон улсын харилцаа шүү дээ. Энэ чиглэлээрээ байнгын хороодод ажиллаж байгаа харагдсан?
-Тийм ээ. Миний үндсэн мэргэжил чинь олон улсын харилцаа шүү дээ. Түүн дотроо төрийн захиргаа, олон улсын түүх чиглэлд илүү гүнзгий. Би одоо Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус харьяалагдаж байна. Тэгэхээр УИХ-ын байнгын үйл ажиллагааны гол мөхлөг нь байнгын хороо учир байнгын хороо нь үйл ажиллагаагаа жигд, сайн явуулна гэдэг нь УИХ сайн ажиллана л гэсэн үг. Чуулган бол байр сууриа илэрхийлэх, ард түмний дуу хоолой болох, санал өгөх талбар. Тиймээс байнгын хороон дээр юу болоод байгааг маш сайн анзаарч байх ёстой. Юу, хаашаа явж байна вэ гэдгийг. Хөлбөмбөгт тэгдэг шүү дээ. Тодорхой нэг тоглогчийг хараад л байвал тактик харагдаж эхэлдэг. Байнгын хороо бол яг л тийм.
Миний хувьд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийнэ. Сошл нэтворк гэдэг чинь биднийг бэлэн биш байхад гэнэт л ороод ирчихсэн зүйл шүү дээ. Нэгийгээ огт танихгүй хүмүүс дэлхий даяар холбогдох боломжтой болчихсон. Сайн тал их бий ч саар талууд ч бас байна. Ялангуяа хүүхдэд их нөлөөлж байна. Одоо бараг дэлхийн 50 гаруй оронд хязгаарлалт хийж байх шиг байна. Хамгийн хатуу хязгаарлалт тавьсан нь Австрали шүү дээ. 16 нас хүртэл нь нийгмийн сүлжээ ашиглахыг хориглочихсон. Хууль нь хэрэгжиж эхэлсний дараа бид хүмүүсээ илгээж байсан юм. Тэгэхэд авууштай хэд хэдэн зүйл анзаарагдсан.
Бид Австрали шиг экстрийм шийдвэр гаргах нь юу юм. 13 нас хүртэл нь хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоод, 13-16 насанд нь хязгаартай оролцуулж, 16-гаас дээш насанд нь өөрийнх нь ухаанаар шийдүүлэх юм руу орж байна. Ийм хууль өргөн барьж байна.
Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд мөн тодорхой ажлууд хийж байна. Гадаад харилцааны яамны архивын барилгын ажлыг шинэчлэх ажлыг мөн хийхээр зэхэж байгаа. Богд хааны үеэс хойшхи тэр алдартай гэрээ хэлэлцээр, баримт бичгүүд, 1914 оны Хиагтын хэлэлцээр гээд олон зүйлс бий. Монгол Улсын Анхны Ерөнхий сайд Д.Бодоогийн бичиж байсан бичгүүд ч бий. Судлаад үзвэл одоогийн төрийн албан хаагчдад ч хэрэгтэй. Төрийн албаны гол хэл чинь бичгийн хэл шүү дээ.
-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хязгаарлах тухай хуулийн төсөл дэмжигдэх болов уу. Та юу гэж бодож байна. Зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандах нь бий?
-Яахав маш олон эсэргүүцэлтэй тулна. Гэхдээ бид үүнийг маш олон хэлэлцүүлсэн шүү дээ. Тиймээс ердийн журмаар явуулна, яаралтай журмаар биш. Энэ нь хүмүүсийг дахиад хэлэлцэх талбарыг нь бий болгож байна гэсэн үг. Фэйсбүүкээр харилцахаас өөр олон арга байна шүү дээ. Багш нар ч гэсэн үүнд суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэх ёстой.
-Байгаль орчны салбарт ажиллаж байсан хүний хувьд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудалд байр суурийг тань сонсмоор байна?
-Тусгай хамгаалалттай газрын тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу дархан цаазат газар нь хамгийн дээд зэргээр хамгаалагдах ёстой газар. ДЦГ-ын онгон бүсэд зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор л нэвтэрч болно. Гэтэл ийм газарт нэвтрүүлсэн зэрэгт Монголын талын холбогдох байгууллагуудын хариуцах хариуцлага байгаа л байх.
Нөгөө талаар Мобиком корпораци үнэнээ хэлээд, хохирлын хэмжээ гарсан даруйд нөхөн сэргээх ажилд хамтарна гэдгээ зарласан. Гэвч манай энэ хайран сайхан газар нутаг шатсан нь үнэхээр харамсалтай. Үнэнийг нь даруй тодруулах хэрэгтэй, удааж болохгүй.
Дэлхийд ховор цэн тогоруу Нөмрөгийн дархан цаазат газар ирж нутагладаг. Байгаль орчны яам ажлаа хурдан хийх хэрэгтэй.
-Энэ хэрэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү мөн нэр холбогдоод байгаа?
-Энэ асуудлыг тухайн хүн өөрөө л тайлбарлах байх. У.Отгонбаяр гишүүний хувьд 10 сарын 08-ны өдөр чуулганы хуралдаандаа суусан байна лээ.
-Та өмнө нь Боловсролын сайд байсан шүү дээ. Сайдаар ажиллаж байх хугацаандаа хэр амжилттай ажиллаж чадсан гэж бодож байна?
-Миний хувьд 1.8 жил сайдаар ажилласан байна. Энэ хугацаанд нэгдүгээрт, багшийн дутагдалын асуудлыг бодитой байдлаар эгцэлж харъя гэсэн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Залуу багш нарын тоо хоргодоод байгаа байхгүй юу. Эхний 5 жилдээ 50 хувь нь гараад явчхаж байна. Зүрх нь мохож байна шүү дээ. Үүнд эцэг, эхийн оролцоо ч бий. Хэт шүүмжилж хардаг. Нөгөө талаар сургуулийн муу менежмент байна. Залуусаа дэмждэггүй, дээрээс нь байгууллагын соёл муу. Гуравдугаарт, цалингийн асуудал. Цалинг өсгөх бодлого барьсан. Та бүхэн анзаарсан бол 2026 оны нэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалин шууд 50 хувь өссөн. Энэ бол хэнээс ч хамаарахгүй авдаг цалин байхгүй юу. Гэтэл элдэв төрлийн нэмэгдлүүд нь 50 хувьтай нь тэнцүү байсан. Нийслэлд эхний 5 жилдээ багшилж байгаа багшид ямар ч нэмэгдэл байхгүй, 1.483.000 төгрөгийн цалин авдаг байсан. Үүгээр амьдраад нэг үз дээ? Боломжгүй шүү дээ. Тиймээс 2.2 сая болгосон. Элдэв төрлийн нэмэгдлүүдийг цаашид үндсэн цалинг нэмэх хүрээндээ үндсэн цалинд шингээх, нэмэгдсэн дүн рүү оруулах байсан. Оны сүүл гэхэд багш, ажилтан гэж ялгахгүйгээр энэ асуудлыг шийдэх байсан. Харамсалтай нь Засгийн газраас шийдвэр гарч, хоёр төрлийн цалинтай болгох гэж байна гэж улстөржүүлээд өнгөрсөн. Үүнийг хийсэн бол цалингийн маш том бүтцийн шинэчлэл рүү орох байсан. Залуу багш нарт ээлтэй, цаашдаа багшлах хүчний нөөцийг найдвартай орлогын эх үүсвэртэй болгох байсан юм.
Сурах бичгийн шинэчлэлтүүдийг хийсэн. Сайд байхдаа нэлээн шахсан. Сурах бичгийн бүх стандарт батлагдсан байсан. Сая гэтэл гарч байгаа сурах бичгийн чанар гэж аймар юм гарлаа шүү дээ. Сурах бичиг бичихэд төр оролцох ёстой. Хянах ёстой. Энэ үүргээ муу гүйцэтгэж байна. Үүнд би харамсдаг. Энэ үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Юу бичиж, юу сурахыг хэн мэдэх ёстой юм бэ? Энэ чинь эх оронч үзэл, ардчиллын тухай, үл ялгаварлах тухай гээд Үндсэн хуульд заачихсан бүх зүйл энэ сурах бичигт шингэж байх ёстой шүү дээ.

Л.ЭНХ-АМГАЛАНГ ТӨРИЙН САЙД ШИГ БАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА
-2026-2027 оны хичээлийн шинэ жилийг нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, дунд ангийнхан сурах бичгийн хомстолтой эхлүүллээ. Үүний бурууг одоогийн салбарын сайд Л.Энх-Амгалан өмнөх сайд руу чихэх хандлагатай байсан. Үүнд та тайлбар өгөөч?
-Л.Энх-Амгаланд хандаж хэлье. Одоо боль. Ажлаа хий. Би ямар Л.Энх-Амгаланг энд тэнд дайрч, янз бүрийн юм ярьсан уу? Үгүй. Тэгэхээр нэг жаахан төрийн сайд шиг бай л гэж хэлмээр байна. Одоо больж үз. Ядаргаатай юм. Тэр хүнд би өөр юу хэлэхэв. Тэр хүнийг янз бүрийн юм хэлснийх нь төлөө өөдөөс нь хэрэлдээд байлтай нь биш. Би Х.Нямбаатар биш шүү дээ.
-Тэгвэл таны сайд байхдаа хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд өөр юу байв?
-Түрүүн би цалингийн талаар ярьсан. Одоо хөрөнгө оруулалтын талаар ярья. 2030 он хүртэл хөрөнгө оруулалт нэмэгдсээр байх болно. Хүүхдийн тоо нэмэгдсээр байх болно, ялангуяа Ерөнхий боловсролын сургуульд. Сургуулийн өмнөх боловсрол төрөлттэй холбоотой буурч байгаа. Цаашид бид нэг ээлжийн сургууль руу орох ёстой. Энэ утгаараа сургууль цэцэрлэгүүдийг маш сайн барих ёстой. 108 сургууль, 95 цэцэрлэг гэдэг чинь бодьтой тоо. Ийшээ хандсан бодлогуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Хурдан барих хэрэгтэй. Сурах бичгийн шинэчлэлтийг ч гэсэн хурдан хий, хөтөлбөрийн шинэчлэлтээ хурдан дуусга. Энэ чинь мөчлөгтэй зүйл шүү дээ. Гол ажлуудаа хийхгүй хачин хачин юм яриад л яваад байх юм.
-Багш бэлтгэх талаар асуудал мөн багагүй маргаан дагуулсан шүү дээ?
-Манайд нарийн мэргэжлийн багш нар илүү дутаад байна. Математик, англи хэл, хими, физик, биологи гээд улс орныг өөрийн гараар бүтээдэг энэ нарийн шинжлэх ухаан руу хөтөлсөн хэсэг нь дутаад байгаа юм. Нэг хэсэг намайг 45 хоног энэ тэр гээд л баалсан шүү дээ. Энэ шугамаар чинь Монголын шилдэг их, дээд сургуулийг шилдэг дүнтэй төгссөн хүмүүс багшлах эрхийг олж авсан. Хэдэн зуун хүн багшлах эрхээ олж авсан байна лээ. Болж байна шүү дээ. Энэ чинь олон улсад байдаг л практик шүү дээ.
"ТАВАН ҮГНЭЭСЭЭ ТАНИГДААД БАЙНА АА ХӨ"
-2028 он гэхэд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх талаар та ярьж байсан. Одоо энэ боломжтой болов уу?
-Боломжтой байсан. Одоо харамсалтай нь боломжгүй болчихлоо. Дээр ярьсан үндсэн цалинг өөрчлөх тухай асуудал хэвээр үргэлжилсэн бол 1000 долларт хүрэх байсан.
Дэлхийн банкнаас арваад жилийн өмнө өгч байсан зөвлөмжийг би харж байсан юм. Төрийн албаны системийн цалингийн тогтолцоо чинь дэлхийд байхгүй төвөгтэй бүтэц рүү орсон байна гэсэн зүйл хэлсэн. 1990-ээд оны үед манайд малчин нь хүртэл төрийн албан хаагч байлаа шүү дээ. Тухайн үед хүмүүс төрийн албанаас гарч ганзагын наймаанд орж эхлэх үед төрийн албан хаагчдаа тогтоохын тулд бий болгосон систем. Тэр үеэс үлдсэн, хэзээ ч хэрэглэгддэггүй зүйл заалт одоо хүртэл бий. Төрийн албан хаагч орон нутагтаа амрахаар бол гэр бүлийн зардлыг нь төрөөс даана гээд. Тэр хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй гэх мэт. Одоо цаг үе өөр шүү дээ.

-Үүнийг яаж шийдэх ёстой юм бэ?
-Уг нь төр, хувийн хэвшил хоёр цалингаараа өрсөлдөж байх ёстой. Чадвартай хэсэг нь цалин өндөр байгаа газар руу явчихдаг. Энэ цалингийн бодлогыг гол уяж байх ёстой газар нь Төрийн албаны зөвлөл. Дуугарахгүй байна шүү дээ. Хөдөлмөрийн яам руу чихчихсэн, салбар яам руу чихчихсэн. Энэ Төрийн албаны зөвлөл ер нь юу хийдэг газар юм бэ? Төрийн албаны шалгалтаа ч олигтой авч чадахгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг төрийн албаны шалгалт өгч байгаа хүмүүсээс асуух ямар хэрэгтэй юм бэ? Байгаль орчны яаманд чинь хими, биологийн мэргэжилтэй хүн хэрэгтэй байна. Жишээ нь баавгай ороод ирэхээр агнуур зүйч гэдэг мэргэжилтэй хүн алга. Бүгд нам дагасан хүмүүс л байна. Тиймээс Төрийн албаны зөвлөл үндсэн ажлаа хий.
Ерөнхий болон тусгайлсан шалгалтаа ялгаж салгаж ав. Математикаа ав, цэгцтэй сэтгэж байгааг нь харуулна. Эссэг нь ав. “Таван үгнээсээ танигдаад байна аа хө” гэж үг байдаг биз дээ. Таван үг холбож чаддаггүй төрийн албан хаагчдыг аваад яадаг юм. Хүний бөгс ухдаг, ирсэн хүмүүсийн тамыг цайлгадаг, хясан боогдуулах замаар явдаг хүмүүсээ дэмжээд байна уу? Энэ чинь улс орны ирээдүйтэй холбоотой зүйл байхгүй юу. Тэгээд л олон улсын санхүүжилт аваад л, хуулиа өөрчлөхөөрөө бүр хачин болгоод л.
Төрийн албан хаагчийн цалингийн тухай хуулийг 35-н хууль руу цацчихсан. Хавдраар ярьвал хавдрын эс нь цацчихсан. Мэс засал хийх гэхээр 35-н хууль руу орох хэрэгтэй болдог. Хүнд мэс засал шүү дээ. Төрийн албаны зөвлөлд цалингийн бодлого ёстой түй ч хамаа алга. Болиод өгөөрэй та нар.
-Та 2027 оны төсвийн төсөлтэй танилцсан байх. Боловсролын салбарт 7 их наяд төгрөг төсөвлөсөн байсан шүү дээ. Салбарын сайд байсан хүний хувьд алдаа дутагдал болон оновчтой зүйл юу байна гэж харж байна?
-Танилцсан. Эрэмбэ дараалал гэж зүйл алга. Юм гэдэг чинь эрэмбэ дараатай байдаг юм байгаа биз дээ? Айлаар ярих юм бол бид энэ жил өрнөөсөө салчих юм байна, ингэе, тэгье гэдэг зүйл алга. Юу ч болоогүй байж хүүе ээ, бүх хүүхдэд компьютер гэж юу яриад байна вэ? Энэ чинь шат дараатай хийх ёстой зүйл шүү дээ. Үнэхээр хэрэгцээтэй газар нь өг, тийм ээ. Алслагдсан сум, багш хүрэлцээгүй газруудад өг. Өмнө нь хромбүүк гээд боловсролын салбарт тараагаад алдсан шүү дээ. Бүх багш нар тэр хромбүүкийг чинь шүүгээндээ хураачихсан байна. Бодох л хэрэгтэй.
Дээр нь нэмээд Оюутолгойн ногдол ашгаас санхүүжих байсан “Ногоон, ухаалаг, эрүүл 100 сургууль” гээд зүйл байсан. Тэрний нийт санхүүжилт хэд гээч? 240 тэрбум. Бүр галзуурчихсан. 1960, 1970-аад оны үеийн барилгыг тийм болгоно гэнэ ээ. Дундажлаад хуваагаад үз дээ. 2.4 тэрбум төгрөг. Яах гэж байгаа юм бэ? Нэг сургууль дээр зөвлөх үйлчилгээ гээд 150 сая төгрөг ч байх шиг. Энэ татагдсан л даа. Гэхдээ юуг харуулаад байна вэ гэхээр ямар ч эрэмбэлэлт алга. Тулгамдсан асуудлаа хурдан шийдэхийн оронд нүд хуураад. “Хар даа, ийм гоё болчихсон” гээд попроход зориулсан. Боль л доо.
Дээд боловсрол дээр ч тэр. Босго оноог ахиулсан байсан. Харамсалтай нь энэ алдагдлаа. Зүгээр л ямар ч хамаагүй юмнуудыг хооронд нь нийлүүлчихсэн. Оюутныхаа тоог хар л даа. 157 мянга хүрчихсэн байна. Үнэхээр чанаржиж байгаа бол энэ тоонд чинь бас өөрчлөлт орох хэрэгтэй шүү дээ. Гэтэл тасралтгүй өсөж байна.
Жил ирэх тусам төрийн алба данхайгаад байна. Г.Занданшатар сайдын Засгийн газар 9 хувиар бууруулсан. Гэхдээ шугам татчихсан юм шиг. Хамгийн хэрэгтэй салбараасаа эхлээд хассан шүү дээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас эхэлсэн. Энэ хүмүүс чинь зөв ажиллаж чадахгүй бол энэ малчид чинь алуулна шүү дээ.
Боловсролын ерөнхий газар гээд нэг газар байна. Одоо сурах бичгийг нь хариуцна гээд юу хийв? Улам дордлоо. Сахил аваад шал дордов гэдэг шиг. Тэнд чинь 160 хүн ажиллаж байна. Би 90 болгосон байсан. Гэтэл буцаагаад нэмчихсэн. Гаднаас нь харахад яамны албан хаагчийн тоог хасаад байдаг. Өөр газар буцаад нэмээд байдаг. Үүнийг далдын хар малгай гэж нэрлэдэг. Хэрэгтэй үед нь ил гараад, хэрэггүй үед нь далд орчихдог. Ийм заль хэрэглэхгүй ээ!
ЗАСГИЙН ГАЗАР ЭРЭМБЭЛЭЛТ МУУТАЙ ТӨСӨВ ОРУУЛЖ ИРСЭН
-Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв хуваарилсан гэх шуугиан гараад сүйд болох шахлаа. Ер нь хувийн сургуульд мөнгө хуваарилах нь хэр зөв хувилбар вэ?
-Шулуухан хэлэхэд энэ бол буруу. Төрийн өмчийн сургуулиуд төрийн өмчөөрөө л явах ёстой. Хувийн өмч бол хувийнхаараа л яв. Бие биеийнхээ хэрэгт бүү оролц. Хувийн өмчийн сургуулийн төлбөрийн асуудалд Боловсролын сайд оролцож байна шүү дээ. Битгий оролц. Хувьсах зардлаа харин харж байж өг. Стандартын дагуу ажиллаж байна уу гэдгийг нь л хар. Төрөөс илүү гарсан хорооллын газруудыг тохижуулаад салбар сургууль хэлбэрээр явуулж болох л байсан. Тэрийг хийгээгүй байж хувийн хэвшилд мөнгө өгөх нь буруу, шулуухан хэлье.
-Өмнө нь сайд байсан хүний хувьд та одоогийн Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж дүгнэх вэ?
-Би хэд хэдэн зүйл дээр Засгийн газрыг зөвтгөнө. Нэгдүгээрт, ахмадын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэж суурь тэтгэврийг оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Хоёрдугаарт, Оюутолгойгоос ирэх ногдол ашгийг 10 жилээр наашлуулсан. Үүнийгээ эдийн засгийн өсөлттэй, цалин хэлбэрээр өгье гэдэг нь хандлагын хувьд буруу биш. Гэхдээ эрэмбэлэлт муутай төсөв оруулж ирсэн.
Нөгөө талаараа нэлээн попорсон шинжтэй. Засгийн газарт хандаж хэлэхэд битгий сошлоор попроод бай. Түүнийгээ больчих оо.
Жишээ нь Х.Нямбаатар дээр Н.Учрал хэлсэн байна лээ шүү дээ. “Нийслэл эзгүйрчихлээ гээд хүмүүс яриад байна. Үгүй ээ, нийслэл чинь эзэнтэй ажлаа хийгээд явж байна. Харин сошл орчин чинь Х.Нямбаатараас хойш эзгүйрчихлээ” гээд. Тэгж хэлсэн хүн өөрөө ч гэсэн үүнийгээ хэрэгжүүл л дээ. Тэгж л хэлмээр байна.

-УИХ нь Засгийн газартаа хангалттай хяналт тавьж чадахгүй байна гэдэг асуудлыг хүмүүс ярьж байна?
-Энэ шүүмжлэл бүх цаг үед байгаа. Хараад л байгаарай. Харин сөрөг хүчний үүргийг Ардчилсан нам нэлээн идэвхтэй гүйцэтгэж байна гэж би харж байгаа. Сая жишээ нь эдгээр асуудлуудыг босгож ирж ярьж байгааг нь үнэлэх ёстой. Цаашдаа ч УИХ энэ Засгийн газрын хэтрээд ирж байгаа зүйлс дээр үгээ хэлж, зөв юман дээр нь ташуурдаж улам л хурдлуулж байх ёстой гэж харж байгаа юм.
Үнэхээр 126 гишүүний амыг үдэж чадахгүй болсон нь харагдаж байна шүү дээ. Бас зүгээр юм тэ? Нэг нь энэ чинь болохгүй байна гээд дуугарахад нэмэгдсээр байгаад сүүлдээ 20, 30-уулаа болж байна. Гэхдээ үүнийг сүргийн тэнэглэл рүү битгий явуулчхаасай гэж л харж байна.
Ер нь мэргэн, цэцнээрээ яригддаг парламент дэлхийн хаана байгаа юм? Өнгөрсөн хойно нь л ярьдаг шүү дээ. Эртний Грекийн шууд ардчиллыг, Сократыг тухайн үед нь шүүмжилсээр байгаад л хор уулгасан шүү дээ. Тэгчхээд дараа нь л мундаг байсан юм шиг яриад л. Тэгэхээр түүх шүүнэ, цаг үе шүүнэ байх. Тиймээс гишүүд тоглолтоо чөлөөтэй хийх хэрэгтэй. 126 хүн дунд бид янз янзын ааш араншин, тоглолтыг харж байна шүү дээ. Үүний нэг нь ч би өөрөө.
ХҮМҮҮС ХҮН НАМ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРООД ХҮН БИШ БОЛСОН ГЭЭД Л ЯРЬДАГ ЮМ
-Тэгвэл ХҮН нам улстөрийн үзэл баримтлал, үндсэн чиглэлдээ явж чадаж байгаа юу?
-ХҮН нам их сонин шүү дээ. Та бүхэн анзаарч байсан уу? Анх Засгийн газарт орж байхад 60/40-өөр л дэмжигдсэн шүү дээ. 40 хувь нь эсэргүүцсэн. Нэгэнт орчихсон учир нягтарсан. 60 хувь нь орно гээд шийдчихсэн учир дэмжээд л явж байгаа нам. Хариуцлагатай төрийн жолоог атгалцаж байгаа гэж би харж байгаа. Тэрнээс биш нэг атгалцчихаад л ар өврөөр нь попроод л янз янзын юм хийгээд л, тэгснээ түгжилдээд л, түгжилмаадаад байгаа зүйл байхгүй.
Герман бол дандаа эвслийн Засгийн газар сонгодог. Сонгогчид нь эвслийг задалж, Засгаасаа гарсан намдаа харин хариуцлага тооцдог. Жишээлбэл Ногоон нам үнэнч сонгогчидтой, тэднийхээ үзэл санааг Засгийн газарт тусгасаар ирсэн. Өнөөдөр л алдагдчхаад байна.
Хүмүүс ХҮН нам Засгийн газарт ороод хүн биш болсон гээд л ярьдаг юм. Гэтэл Засгийн газарт ороогүй нам байна уу? АН Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тамгыг нь барьж түшилцэж байлаа. 14 мега төслийг магтаад явж л байсан. ХҮН нам одоо хүртэл байна. Гэтэл Үндэсний эвсэл яасан? Өнөөдөр орчихсон л явж байгаа биз дээ. Нэг сайдтай, өнөөх нь бас нэр хүнд сайтай. ИЗНН бас л орсон шүү дээ. Гэтэл ХҮН намыг дандаа ингэдэг. Тэгэхээр ХҮН нам бас сонгогчдын хайрыг татдаг нам байна. Та нар ингэхгүй байх байсан юм гээд гомдоод байна гэдэг нь хайртай байгаагийн л шинж.
Гэхдээ хэд хэдэн зүйлийг хараарай. Сүүлийн санал өгөлтүүд дээр ХҮН нам дандаа л нэгдсэн байр суурьтай байгаа. Сүүлд С.Цэнгүүн гишүүний санаачилсан өргөн барьж байгаа хуулиудыг задаргаатай болгоё гэдэг дээр цөөхөн хүн дэмжсэн. Харин ХҮН намын хувьд бүгд дэмжсэн. Мөн Оюутолгойгоос орж ирэх 2 их наядыг цөмийн эрчим хүчдээ зарцуулъя, боловсролд, дэд бүтцэд зарцуулъя гэдгийг ХҮН нам л ярьлаа. Яагаад гэвэл энэ чинь амьжиргааг тэтгэх төслүүд шүү дээ. Хэн нэгэн шүүмжлүүлээд ярих ёстой бол ярья. Хэн нэгний гомдлыг тайлах ёстой бол бид тайлаад явъя л даа. Энэ чинь Засаг барьж байгаагийн л шинж.
-Тэдгээр төсөл, хөтөлбөрүүдийг тэвчиж болох зардлуудаа хасаад улсын төсөвд оруулж болоогүй юм уу? Яагаад заавал ногдол ашгаас гэж?
-Энэ асуудал одоо яг ид явж байна. Би ажлын хэсэгт нь орчихсон явж байгаа. Гэхдээ далайц нь байхгүй л болно л доо. Жишээлбэл эрчим хүчний салбар чинь олон жилийн ужиг өрөнд баригдчихсан. Ядруухан хоёр айл байлаа гэж бодъё. Нэг нь нэгэндээ хуушуураа зардаг, өнөөх нь зөрүүлээд ундаагаа зардаг. Тийм хошин шог байдаг шүү дээ. Сүүлдээ хоёр биедээ өр тавьж явсаар байгаад юу ч үгүй болдог. Бид яг ингэж л явж ирсэн. Нүүрс тээвэрлэдэг төмөр зам нь цахилгаан станцдаа өртэй, цахилгаан станц нь цахилгаан нийлүүлэх тоолондоо өр үүсгээд байдаг. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Төрийн хэвшил яахаараа ийм их хүнийг ажилд авдаг юм бэ? Бодитой юу гэдгийг анхаарах хэрэгтэй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЗАЛУУЧУУДЫН ХЭЛДГЭЭР “СЕКСИ” БОЛЖ БАЙНА
-Эрчим хүчний асуудлыг бараг л ХҮН намд даалгачихлаа. Энэ салбарт юу болоод байна вэ?
-Маш тодорхой зүйл байгаа. Би боловсрол ярьдаг байсан бол сүүлийн үед эрчим хүч их ярьдаг болоод байна. Маш ойлгомжтойгоор хэлэхэд өнөөдөр уул уурхайгаас гадна нэг салбар дэлхийн анхаарлын төвд орчхоод байна. Энэ бол эрчим хүч. Хэзээнээс орсон бэ гэвэл энэ хиймэл оюун ухаантай холбоотой. Хиймэл оюун ухаан чинь ажиллахын тулд асар их эрчим хүч ашигладаг юм байна. Зүгээр л “баярлалаа” гээд ганц үг бичээд “зүгээр ээ” гээд хариулахад л хэдэн тонн нүүрс шатчихаж байна гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор би хиймэл оюунтай харилцахдаа янз бүрийн олон зүйл бичдэггүй. Зүгээр л “ингэ”, “тэг” гээд л болчихдог. Мэдээллээ авчхаад “баярлалаа” ч гэдэггүй. Ямар хэрэгтэй юм.
Хоёрдугаарт ОХУ-Украины дайн, Ормузын хоолойн асуудал. Ердөөсөө эрчим хүчний асуудал яригдаж байна. Ингээд эрчим хүчийг хямралд орууллаа. Европ ОХУ-аас хямд эрчим хүч авч чадахгүй болсон учраас үнэ нь нэмэгдсэн. Ингээд эрчим хүч чинь аяндаа хөрөнгө оруулалт руу зүтгэж байна. Хөрөнгө оруулалтын сангууд юу хэлж байна вэ гэвэл нэгдүгээрт, дэлхийн дулаарал үүсгэж байгаа нүүрсийг дэмжихгүй. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ. Атомыг бас дэмжихгүй гээд байгаа. Тиймээс манай улс хөрөнгө оруулах юм бол сэргээгдэх эрчим хүч рүү маш их анхаарч байгаа. Энэ нь шууд гадаад руу экспортлох боломжийг бий болгоно гэж харж байгаа.
Манайх чинь ердөө 2ГВт-ийн хэрэглээтэй улс юм билээ шүү дээ. Эрчим хүчээ нэмчихээр нэг аюултай юм нь зад үсрэх гээд байдаг. Нэг үйлдвэрлээд эхэлбэл зогсоох боломжгүй. Тиймээс илүүдлийг нь маш хурдан хугацаанд экспортолж л байхгүй бол болохгүй. Экспортыг чинь хүлээгээд авъя гэсэн олон улсын аж ахуй нэгжүүд, сангууд гарч ирээд байгаа. Тиймээс эрчим хүч одоо уул уурхайтай зэрэгцээд, бараг түрүүлэх шатандаа ороод явж байна. Залуучуудын хэлдгээр “секси” болж байна. Өөрөөр хэлбэл сэтгэл татам болж байна. Үүнийг Монгол Улс онилж байгаа хэрэг. Энэ рүү л ХҮН нам хамаг хүчээ хаяж байгаа. Тиймээс сэргээгдэх эрчим хүчинд суурилсан янз янзын аукцион хийгээд эхэлсэн. Үүний үр дүн 2027 оны гуравдугаар сар гэхэд гарч эхлэх байх.
Сая жишээлбэл 10 аймгийн ДЦС гээд ярьж байна. Солонгосчууд аваад ёстой холион бантанг нь хутгасан байна лээ шүү дээ. Түүнийг нь зөвшөөрөх талдаа орсон Монголын төрийн алба ч гэсэн буруутай талууд бий. Тэр солонгос компани солонгосын талдаа ч гэсэн хахууль өгсөн байх. Тэгвэл үүнийг дуусгачихъя гэдэг яриа явсан. Арваад жил дуусаагүй. Нөгөө компани нь дампуурчихсан. Бид зээлээ аль хэдийнэ авчихсан байдаг, ажил дуусаагүй. Яасан гэтэл нөгөө л авилга. Үүнийг л дуусгая гэсэн юм. Бид нэг газартаа шавааралдаж байшин бариад байгаагийн нэг шалтгаан нь ердөө энэ дулааны дутагдал. Бид хангалттай тэлэх боломжтой.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР УНАХДАА БОГИНО НАСТАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮДИЙГ НЭЭЧИХСЭН
-Та Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан шүү дээ. Засгийн газар унах үед харамсаж байв уу?
-Би тухайн үедээ хэлж л байсан. Харамссан. Юунд харамссан бэ гэвэл би цаашид богино настай Засгийн газар гарчих вий дээ гэдэгт харамссан. Яг тэр үүдийг нээчихсэн байхгүй юу. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш том, хүчтэй парламентын дэмжлэгтэй байсан. Ардчилсан нам нь дэмжээд орчихсон байсан юм чинь яах юм? АН-ын 42 гишүүн, МАН-ын 68 нийлээд аймар байсан шүү дээ. Тогтвортой үргэлжилсэн бол хөрөнгө оруулалт зэрэг зүйлс дагаад тогтвортой болох байсан. Тэр утгаар нь харамссан. Түүнээс биш бусад нь бол яахав, өгч л байдаг, авч л байдаг алба шүү дээ.
-Та гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзлээ. Одоогийн Засгийн газар ч унаж ч магадгүй нөхцөл байдалд байна. Энэ нь эдийн засагт ямар хор уршиг дагуулна гэж та бодож байна?
-Эдийн засаг дахь төрийн оролцооны тоог та бүхэн хараарай. Төсөв сая 41 их наяд гэж орж ирлээ. Бид 90-ээд их наядын эдийн засгийн асуудал ярьж байна шүү дээ. Тэгэхээр 40 гаруй хувь нь төрөөс шууд хамааралтай буюу төсвөөс хамааралтай. Төрийн өмчит компаниудын оролцоог бид тооцоогүй байгаа шүү дээ. Зөвхөн төсөв л ярьж байна. Тэгэхээр дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг эхлээд янз бүрийн хийдүүлэх ажил явна. Өнөөдөр хуралтай юм уу, тэгвэл нүүрээ будъя гээд л. Тэгээд л хов жив базна.
Монгол ардын зүйр цэцэн үг чинь айхтар юм. Бидэнд алдах юм их бий. Тиймээс би Н.Учрал сайдын Засгийн газар тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Үр дүнгээ бас гаргаасай гэж хүсэж байна.

-МАН-ын дотоод зөрчил УИХ-ын гишүүдэд ажлаа урагшлуулахад хэр чөдөр, тушаа болж байна гэж та бодож байна?
-Яахав зарчим ярьж өөр хоорондоо шүүмжилж байгаа бол дэмжинэ. Түүнээс биш хаалт хийхийн тулд хаалт хийдэг бол буруу л даа. Юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрч болохгүй байхгүй юу. Өөрсдийнх нь дотоод зөрчил шүү дээ. Саяхан М.Энхцэцэг гишүүн билүү дээ, дулааны тухай хууль уналаа, ХҮН намаас боллоо л гэнэ. Үгүй шүү дээ. Өөрсдөө л дотроо тийм байгаа шүү дээ. Бид чинь наймуулаа л шүү дээ. Хамгийн олуулаа хэн эсэргүүцсэн юм? Ингэж туйлширч бас болохгүй байхгүй юу. Яаж уялдуулах ёстой талаараа л бодох ёстой. Дараа нь харж байхад айл бүр 1 сая төгрөгөөр тоолуур авах ёстой болчихож байгаа юм. Гэтэл нийт энэ хуучин барилгуудын ихэнх нь ямар ч тоолуур тавих боломжгүй шүү дээ. Гэх мэт асуудлууд байна.
-ХҮН нам шүүмжлэлд их өртдөг. Магадгүй анх Засгийн газарт орсонд нь дургүйцээд байдаг юм болов уу. Ер нь яагаад Хамтарсан Засгийн газарт орсон юм бэ?
-Бид хамтарсан шийдвэр гаргадгийн хувьд хэлье л дээ. Парламентад суудалтай таван нам байна. Бүгд л засаг барилцсан шүү дээ. Бид хэдхэн л зорилттой байгаа. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье. Манай намын боловсролын хэсэгт бичигдсэн бүх зүйлүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон, хэрэгжээд явж байгаа. Хоёрдугаарт, эрчим хүчний бодлогодоо анхаарсан. Ажил нь явж байна. Засгийн газарт оролцоотой байгаа шалтгаан нь энэ. Хариуцлагатай улс төрийн хүчин ямар байдгийг харуулъя гэсэн.
Өмнөх түүхүүд бий шүү дээ. Засгийн газарт оролцоод явж байгаад Ерөнхийлөгчийн сонгууль ойртоод ч юм уу ямар нэг юм болохоор эвслээ задалж гараад л хонь, чоно болцгоогоод байдаг. Ард түмэн ийм юманд дуртай байдаг учир бие биенийхээ толгойг тастаад аваад ирье гээд л. Ингэхээр бид улс орны хөгжил, амьжиргаагаа алддаг. Тэгээд л хоорондоо амлалтуудаар байлдаж эхэлнэ. Үүний цаана улс орны ирээдүй хэрчигдэж байдаг аюултай. Тиймээс бид улстөрийн шинэ хэм, хэмжээг тогтоож байгаа л гэж харж байгаа. Засгийн газар руу шууд дайраад л, хутгалаад байгаа ХҮН намын гишүүнийг харж байна уу, үгүй шүү дээ. Эсэргүүцэх зүйлээ би ч байсан хэлнэ. “Битгий попроод бай” гээд.
-Гишүүдийн ёс зүйн асуудал хэр байна вэ?
-Ёс зүй, ёс суртахууны асуудлыг салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Ёс суртахуун бол хувь хүнтэй холбоотой. Ёс зүй бол нийгмийн өөрийн хуулд заагаагүй хэм хэмжээ. Ёс зүй магадгүй өнөөдөр байгаа хуулиас ч илүү хүчтэй.
УИХ-ын гишүүн хүн микрофон дээр хэлж байгаа үгэндээ хариуцлагатай байх ёстой. Нэг талаараа гишүүдийг ирц зэрэг зүйлээр хэмжих нь бас буруу шүү дээ. Миний хувьд ирц бүрэн, чуулгандаа суудаг. Гэхдээ үр дүнгээр нь хэмжих хэрэгтэй.
ӨӨРИЙНХӨӨ ХҮЧИЙГ ЗУЗААТГАСААР БАЙВАЛ ДАРАНГУЙЛАГЧ БОЛЖ БУЙН ШИНЖ
-Банк бус, санхүүгийн байгууллагуудтай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд асуулга хүргүүлсэн байсан. Ямар үр дүн гарав?
-Маш муу хариу ирсэн. Би түүнийг эргүүлээд задалж асууна. Маш бөөрөнхий хариулт ирсэн. Тэр байгууллага наашаа юу ч битгий орж ирээсэй гээд нуувчиндаа орчихсон юм шиг шинж ажиглагдаад байна.
Өнөөдөр энэ аппликейшний зээл гэдэг чинь хэрээс хэтэрлээ шүү дээ. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай яалт ч үгүй холбоотой. Аливаа зүйлийг ноцтой хэмжээнд хүрэхээс нь өмнө харах ёстой шүү дээ. Тамиртай хүн гэж байдаг. Манай улс хүнээр бол маш тамир муутай. Нүүрс, алтны үнэ өсөж л байвал тамир нь үүсээд, бусад үед нь уначихдаг. Гэтэл Монголбанкнаас бодлогын хүү урьд өмнө байгаагүй өндөр хэвээр байна, үүнээс цааш өсвөл эдийн засгаа алчих гээд байна гээд байгаа. Бие муутай хүн дээр хүчтэй антибиотик хэрэглэчихсэн байгаад байгаа байхгүй юу. Үүнээс цааш эм байхгүй, шууд мэс засал руу орчих гээд байдаг. Энэ нь мөнгөний бодлогын хэрэглүүр утгаа алдаад байгааг л харуулж байгаа юм.
-2028 онд дахин нэр дэвших бодол ер нь бий юу?
-Улс төрд яваа хүн чинь аль болох л өөрийнхөө бодсон санасан зүйлсийг, олон хүний бодсон санасан зүйлийг нийлүүлээд олны хүчийг оломгүй далай болгохоор явна шүү дээ. Түүнээс биш өөрийнхөө хүчийг оломгүй далай болгоно гэж байхгүй. Тэгэх юм бол энэ чинь дарангуйлагч болж буйн шинж.
-Тэгэхээр дэвшинэ гэсэн үг юм байна тийм үү?
-Одоо тэгж л би хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.