Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд минад өртөн шатжээ
 

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд минад өртөн шатжээ

Иран болон АНУ-ын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн стратегийн гол зам болох Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд дэлбэрч, гал гарсан талаар мэдээллээ.

Ираны Хувьсгалт гвардийн Тэнгисийн цэргийн хүчин дөрвөн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц зөвшөөрөлгүй маршрутаар нэвтрэхийг оролдох үеэр минад өртөж, дэлбэрч шатсан гэж мэдэгджээ. Тэдгээрийн нэг нь хоёр сая гаруй баррель түүхий газрын тос тээвэрлэж явсан супертанкер байсан гэх мэдээлэл байна.

Харин Оманы Далайн аюулгүй байдлын төвийн мэдээлснээр Панамын далбаатай RITI хөлөг онгоц халдлагад өртөж, гал гарсны улмаас багийн 25 гишүүнийг нүүлгэн шилжүүлэн, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Мөн LOUISE 1 нэртэй танкерын их биед жижиг завинаас наалддаг хоёр мина байрлуулсны улмаас хөдөлгүүрийн өрөөнд нь гал гарсан талаар мэдээлсэн байна. Гал унтраагдсан бөгөөд багийн гишүүд эсэн мэнд үлджээ.

Гэвч Ираны мэдэгдсэн дөрвөн хөлөг онгоц бүгд минад өртсөн эсэх, осол бүр хоорондоо холбоотой эсэхийг хараат бус эх сурвалжууд бүрэн баталгаажуулаагүй байна.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг дамжин өнгөрдөг стратегийн усан зам юм. Тус хоолойн тээвэрлэлт саатах нь олон улсын газрын тосны үнэ болон эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны байгууллагын мэдээллээр Ормузын хоолойгоор дамжих усан тээвэр дайны өмнөх үеийнхээс ойролцоогоор 70 хувиар буурсан байна.

АНУ-ын Төв командлал Ормузын хоолойн олон улсын тээврийн маршрутын аюулгүй байдлыг хангах, минагийн аюулыг арилгах чиглэлээр арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн бол Ираны тал тус бүс дэх хяналтаа тогтоох байр сууриа илэрхийлжээ.

Ормузын хоолойн нөхцөл байдал цаашид хурцадвал газрын тосны нийлүүлэлт буурч, тээвэрлэлтийн болон даатгалын зардал нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөх эрсдэлтэй байна.

Монгол Улс шатахууны импортын хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай хэдий ч дэлхийн зах зээлийн газрын тосны үнийн өсөлт нь дотоодын шатахууны үнэ болон тээврийн зардалд дам нөлөө үзүүлэх боломжтой юм.

Италийн 40 гаруй хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ
Италийн 40 гаруй хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ
 
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.