
Ромын католик шашны тэргүүн, Пап XIV Лео Монгол Улсаас Ватиканд суугаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтад Улаанбаатар дахь Католик сүмийн төлөөлөгч, кардинал Жоржо Маренго болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж нар оролцсон байна. Мөн Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Д.Булган, Швейцарь улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар байлцжээ.
Кардинал Жоржо Маренго тус уулзалтыг найрсаг уур амьсгалд болсон хэмээн тодорхойлж, Монголын Буддын шашин болон Католик сүмийн хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны харилцаа чухал болохыг онцолсон байна.
Пап XIV Леод монгол уран бүтээл бэлэглэжээ
Уулзалтын үеэр Хамба лам Д.Жавзандорж нь Гандантэгчинлэн хийдийн дүрслэх урлагийн урлангийн уран бүтээлчдийн туурвисан зургийг Пап XIV Леод гардуулжээ. Уг бүтээлд Монголын уламжлал болон Дорнын бусад орны соёлд урт нас, мэргэн ухааныг бэлгэддэг Өвгөн буурал дүрслэгдсэн байна. Мөн дөрвөн өөр амьтныг бэлгэдлийн утгаар дүрсэлж, ялгаатай байдал нэгдэн нийлснээр хүч чадал, амжилт, ирээдүйн боломж бүрддэг санааг илэрхийлжээ. Бүтээлийг монгол үндэсний хэв маягаар чимэглэж, Гандантэгчинлэн хийдийн гол дуганы дүрслэлийг багтаасан байна.
Монгол, Ватиканы шашин хоорондын яриа хэлэлцээ
Энэ нь Монголын Буддын шашны төлөөлөгчдийг Ромын пап хүлээн авч уулзсан гурав дахь тохиолдол болжээ. 2022 оны тавдугаар сарын 28-нд Пап Франциск Монгол, Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Буддын шашны төлөөлөгчдийг хүлээн авч байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 13-нд Хамба лам Д.Жавзандорж, кардинал Жоржо Маренго нарыг дахин хүлээн авч байв.
Монгол Улсад Буддын шашин өргөн дэлгэрсэн бөгөөд 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараа шашны уламжлал, зан үйлийг сэргээн хөгжүүлэхэд Гандантэгчинлэн хийд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус хийдэд шашны боловсролын сургалтууд явуулж, Монголын Бурхны шашны их сургуулийг ажиллуулдаг.
Кардинал Маренгогийн хэлснээр шашин хоорондын уулзалт харилцан ойлголцол хамтын ажиллагаа нь энх тайван харилцан хүндэтгэл нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт хувь нэмэр оруулах боломжтой аж.
Эх сурвалж: Agenzia Fides
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.